Монгол Улсын хэмжээнд 196 мянган малчин өрх бий. Эдгээр малчдад жилдээ нэг удаа улсын аварга малчин, саальчин гэх мэт шагналыг олгодог. Тэгвэл ЗГ-ын хуралдаанаар малчдад олгодог улсын аваргын шагнал олгох журамд өөрчлөлт оруулах болсон гэдгийг ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн мэдээллээ. Тэрбээр
шинэ журмаар 2000-аас доошгүй малчин өрх тутамд нэг улсын аварга малчин өрхийг шалгаруулах зохицуулалт хийхээр болсон. Өмнө нь тодорхой тоо заадаггүй байсан. Үүнээс болж зарим аймгаас олон малчин аваргаар шалгарах гэх мэт маргаан үүсдэг байсан юм. Жишээ нь Хөвсгөл аймаг 20,000 малчин өрхтэй, шинэ журмаар 10 улсын аварга малчин тодорно гэсэн үг. Мөн үүнээс гадна улсын аварга малчныг шалгаруулах шалгуурт малынхаа ашиг шимийг дээшлүүлсэн байдлыг онцлон харна. Олон малтай нь улсын аварга малчин болох биш цөөн ч гэсэн ашиг шим арвинтай малчдыг дэмжих бодлогыг барихаар болсон. Эдгээрээс гадна малчдын улсад төлсөн татварын хэмжээг нь үнэлэн аварга малчныг тодруулах шалгуурт оруулахаас гадна тариалангийн бүс нутагт хэрхэн зохицон мал аж ахуйгаа өсгөж байгаа зэргийг үндэслэхээр болсон
гэдгийг сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэллээ.
Мөн улсын аварга малчдад олгодог шагналд өөрчлөлт оруулахаар ЗГ-ын хуралдаанд танилцуулан батлуулсан байна. Улсын аварга малчдад улаан халзтай гэрийг олгодог байсан бол одоо малчдыг хөдөлмөр хөнгөвчилсөн тэрэг, техник зэргээр шагнаж урамшуулах сонголтыг бий болгож байгаа юм байна.





