Хүүхдийг хүүхдээр нь байлгаж, хүсэл мөрөөдөлд нь жижигхэн ч болов итгэл өгөх нь ямар чухал гэдгийг “Цасхан” богино хэмжээний хүүхэлдэйн киногоор дамжуулж харуулахыг залуус зорьж байна. 15 минутын анимэйшн хүүхэлдэйн кино хийхийн тулд хоёр жилийн хөдөлмөр орж, 30 мянга гаруй зураг зурж байна.
“Flame Bros” анимэйшн студийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Д.Золбаяр дөрвөн настай байхдаа нүдээ гэмтээж байжээ. Тухайн үед гэртээ үлдэх үед түүнд зургийн дэвтэр, өнгө өнгийн харандаа хань болдог байв. Тэрээр өөрийн төсөөлдөг, мөрөөддөг бүхнээ цаасан дээр буулгаж, өнгө будаг хослуулан зурах дуртай хүүхэд байжээ. Нэгэн өдөр зурсан зургуудаа авга ахдаа үзүүлтэл “Яасан гоё зураа вэ? Лаг зураач болох нь дээ. Да Винчи шиг болох нь” гэж хэлсэн. Энэ үг маш их урам болсон. Хүүхдийг хүүхдээр нь байлгаад дуртай байгаа зүйлийг нь жоохон л дэмжээд өгчихвөл хүүхэд ямар ч орчинд өссөн ирээдүйн гэрэлтэй байх болно гэж боддог хэмээн ярилаа.

Түүний хувьд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг Зураач мэргэжлээр суралцан төгсчээ. Багаасаа хүүхэлдэйн кино хийх мөрөөдөлтэй байсан тэрээр хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн энэ мэргэжлийг эзэмшсэн байна. Улмаар олон чадварлаг уран бүтээлчидтэй танилцан нөхөрлөсөн нь өнөөдөр “Flame Bros” анимэйшн студийг үүсгэн байгуулах урьдач нөхцөл болжээ. Их сургуулиа төгсөөд хувийн хэвшилд мэргэжлээрээ ажиллахаас гадна боловсролын салбарт ч ажиллаж байсан. Харин 2024 онд н.Төгөлдөр найзтайгаа хамтран “Flame Bros” анимэйшн студийг үүсгэн байгуулаад байна. Тус анимэйшн студид өнөөдрийн байдлаар 30 орчим уран бүтээлч залуус нэгджээ. Тэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд 5-6 бүтээл дээр ажилласан. Харин өнөөдөр өөрсдийн анхны богино хэмжээний хүүхэлдэйн кино болох “Цасхан”-д төвлөрөн ажиллаж байна. “Цасхан” төсөл 2023 оны 11-р сараас эхтэй. Хамгийн анхны төслийн санаа “Цасхан” хүүхдийн дуунаас эхтэй. Д.Золбаяр 2020 онд охиноо бүүвэйлж байхдаа “Цасхан” дуугаар анимэйшн хүүхэлдэйн кино хийх санаа анх төржээ.
“...Хөвөн зөөлөн цасан ширхэг
Хөгжилтэй нь аргагүй бутран гялтганаад
Нүдээ анивчин мишээн зогсохдоо
Сайн байна уу гэж цастай мэндэллээ...” хэмээн эхлэх энэ дуу хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл ямар гэгээхэн болохыг харуулдаг учир тус дуутай холбоотой анимэйшн хүүхэлдэйн кино хийх санаа төрсөн байна. Улмаар тус дууны зохиогч С.Батболдтой уулзаж зөвшөөрөл авчээ. Д.Золбаяр өөрөө “Цасхан” анимэйшний найруулагчаар ажиллаж байна. Тэрээр: “Ид шидийн уут” аян хүүхдүүдэд маш гоё итгэлийг өгдөг. Би 2017, 2018 онд өөрөө өвлийн өвөө болоод захын хорооллын хүүхдүүдэд бэлэг тарааж байсан. Хүүхдүүд эхэндээ бишүүрхэж байсан ч дуу дуулж, шүлэг уншиж өгөх үед баярлан хөөрч, бэлэг өгөх үед нүдэнд нь гал асаж, маш их баяр хөөртэй болдог. Тэр ч утгаараа хүүхэд бүрт итгэл найдвар олгох, хүсэл мөрөөдлийг нь дэмжих ямар чухал болохыг ойлгосон” гэж ярилаа. Нэг анимэйшн бий болоход асар их хөдөлмөр, маш их цаг хугацаа ордог болохыг “Цасхан” анимэйшнээс харах боломжтой. Учир нь 2 жил гаруйн хугацаанд 30,000 гаруй зураг зурж, ард нь маш том баг ажиллаж байна. Орчин үед хиймэл оюун ухаан хөгжсөн учраас AI-аар зургаа зуруулчихаач гэх хүн олон гэв. Гэвч тэд “сэтгэлээ шингээж бүтээж чадвал эргээд сэтгэлд хүрдэг” гэж үздэг учраас бүгдийг өөрсдийн гараар хийхийг ийнхүү зорьжээ. “Цасхан” анимэйшн хоёр гол дүртэй. Мөн 50 гаруй туслах дүртэй. Гол дүрд тоглох охидыг сонгон шалгаруулалтаар сонгожээ. Тухайн охидыг зохиолын дагуу тоглуулж, богино хэмжээний кино хийсний дараа анимэйшний хөдөлгөөний зургийг гаргадаг байна. Тэд өөрсдийн дүрдээ дуу оруулах юм.
“Цасхан” анимэйшнийг 3-р сард дуусгахаар төлөвлөжээ. Улмаар Олон Улсын Фестивалуудад оролцуулна. Тэд ашгийн бус, богино хэмжээний хүүхэлдэйн кино хийж байгаа учир хэрвээ хүсвэл үзэгчид хандив өгөх боломжтой бөгөөд дараах линкээр https://fundea.mn/projects/flamebrosstudio/tsaskhan-bogino-khemzheenii-khuukheldein-kino хандах боломжтой. Харин олон нийтэд ирэх намраас хүргэхээр төлөвлөжээ. “Flame Bros” анимэйшн студийн залуусын зүгээс “Хүүхэд бүрт хүсэл мөрөөдлийг нь дэмжиж, хүүхдээр нь байлгах орон зайг олгоосой” гэсэндээ тус анимэйшнийг бүтээж байна.







