УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Шинэ жилийн баяр гэхээр ээжтэй холбоотой дурсамжууд л хамгийн гоё байдаг. Манай ээж хүүхдүүддээ яг л өвлийн өвөө шиг бэлэг бэлдэн, түүнийгээ гэнэтийн байдлаар өгдөг байсан. Сүүлд нас биед хүрч том болсноос хойшхи хамгийн дурсамжтай шинэ жил гэвэл ковидын үед тохиосон тэр жилүүд байсан. Бүгд айдас түгшүүртэй, хөл хориотой байх үед нийгэмд эерэг уур амьсгал өгөхийн тулд дуучин Г.Энэрэлтэй хамтран шинэ жилийн дуу гаргасан нь хамгийн сайхан дурсамжуудын нэг. Тухайн үедээ ч нийгэмд гэрэл болж байсан.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Миний хувьд 1990-ээд онд хүүхэд байсан. Тийм ч учраас шинэ жилийн баяр гэхээр хамгийн түрүүнд санаанд ордог зүйл бол мандарин. Хүүхэд байхдаа цаасан ууттай мандарин бэлгэнд авдаг байсан учраас сэнгэнэсэн үнэртэй мандарин л шинэ жилийн баярыг санагдуулдаг. Шинэ жилийн баяр бол миний хувьд гэр бүлийн баяр байдаг. Энэ жил юу хийж бүтээсэн ололт амжилтаа ярилцан, ирэх жилдээ ямар зорилго тавих вэ? Гэдгээ гэр бүлээрээ ярилцдаг. Тиймдээ ч энэ жил ч гэсэн гэр бүлээрээ шинэ жилийн баяраа тэмдэглэнэ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Хүүхэд байхад өвлийн өвгөнөөс бэлэг авна гэдэг хамгийн том өрсөлдөөн байдаг байсан. Миний санаж байгаагаар 10-р ангид байхад ангийн хүүхдүүдийн санал асуулгаар өвлийн өвгөнөөс бэлэг авахаар болж байсан тэр мөч хамгийн том урам болж байсан. Шинэ жилийн баяр бол хүн бүрд аз жаргал бэлэглэдэг сайхан баяр. Тийм ч учраас айл болгон элбэг хангалуун, сайхан баярлаасай гэж хүсч байна.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг хичээдэг. Ажлын шаардлагаар олон нийтийн арга хэмжээнд оролцох тохиолдол их байдаг ч 12-р сарын 31-ний өдрийг гэр бүлдээ зориулахыг хичээдэг. Тийм ч учраас 12-р сарын эхээр хүүхдүүддээ гацуурыг нь засч өгдөг. Шинэ жилийн баяр бол гэр бүлийн уур амьсгалыг хамгийн сайхан болгодог баяр. Бидний үеийнхэн бол хоёр өөр тогтолцоотой нийгмийг дамжиж өссөн хүмүүс. Бага байхад алим, мандарин жимс ховор байсан учраас үнэрнээсээ эхлүүлээд хамгийн сайхан нь санагддаг байсан.





