Нээлтээ хийсэн дариудаа Netflix-ийн түүхэн дэх хамгийн их үзэлттэй цувралын нэг болж, "Rotten Tomatoes" дээр 99%-ийн сайн үнэлгээ авч, өсвөр үеийнхний цахим орчинд шуугиан тарьж буй "Adolescence" киног танилцуулж байна.
13 настай Жэйми хэмээх хүү сургуулийнхаа нэг охиныг хөнөөсөн хэргээр баривчлагдаж байгаа тухай өгүүлэх юм. Энэхүү дөрвөн ангит драмын анги болгон нь нэг удаагийн зураг авалтаар тасралтгүй бичигдсэнээрээ олны анхаарлыг татаад байгаа аж. Кино бүтсэн хийц, жүжигчдийн 1 цагийн турш тасралтгүй жүжиглэх жүжиглэлт зэргээс харахад яагаад амжилтад хүрснийг нь ойлгох биз ээ.
Сүүлийн жилүүдэд хутгатай холбоотой гэмт хэрэг Их Британи улсад ноцтой асуудал болсон ба тус улсын буу худалдах хуулиуд маш хатуу учир хүн амины ихэнх шалтгаан нь хутга ашиглаж үйлдсэн байдаг. Үүнтэй зэрэгцэн эмэгтэйчүүдийг үзэн ядсан хандлагууд, өсвөр насныхны цахим хэрэглээ зэрэг нь улс орон даяар анхаарлын төвд байна. Хөл бөмбөгийн шигшээ багийн хуучин дасгалжуулагч Гэрэт Саутгэйт саяхан "BBC"-ийн жил бүрийн лекцийн хүрээнд "хортой эршүүд байдал" (toxic masculinity)-ын талаар илтгэл тавьсан нь энэ сэдэв одоогийн нийгмийг хамрах томоохон асуудал болжээ.
"Adolescence" зөвхөн үзэгчдийн дунд бус үндэсний хэмжээнд хамгийн өндөр төвшний хэлэлцүүлгийн гол сэдэв болжээ. Цуврал нь Их Британийн Парламентын Төлөөлөгчдийн танхимд хэлэлцэгдэж, Ерөнхий сайд Кийр Стармер уг бүтээлийг сайшааж, өсвөр насны хүүхэдтэйгээ хамт үзсэн тухайгаа хэлжээ. Мөн тэрээр Засгийн газар бэлгийн хүчирхийллийн хэрэгт мэргэшсэн тусгай багуудыг цагдаагийн байгууллагад нэмэхээ амлалт болгож хэлсэн аж.
Цувралын хамтран зохиолч Жэк Торн "BBC"-д өгсөн ярилцлагадаа уг бүтээлийг сургуулиудад болон Парламент дотор үзүүлэх хэрэгтэй гэсэн бөгөөд энэ санааг улс төрчид ч мөн адил дэмжсэн байна. Түүнчлэн энэхүү кино нь 16 наснаас дооших хүүхдүүдэд цахим сүлжээг хориглох санаачилгыг олон нийтийн дунд дэмжихэд хүргэсэн байна.