• Нүүр
  • Мэдээний өрөө
  • "Netflix" хиймэл оюун ухаанаар дэмжигдсэн шинэ хайлтын системийг туршиж эхэллээ

"Netflix" хиймэл оюун ухаанаар дэмжигдсэн шинэ хайлтын системийг туршиж эхэллээ

"Netflix" стриминг үйлчилгээ "OpenAI"-ийн технологид суурилсан шинэ хайлтын системийг Австрали болон Шинэ Зеландын зарим хэрэглэгчдэд туршиж эхэлсэн талаар мэдээлжээ. Энэхүү шинэ боломж нь хэрэглэгчдэд зөвхөн киноны нэр, жүжигчний нэр эсвэл төрөл зүйл (жанр)-ээр бус, өөрийн сэтгэл санааны байдал зэрэг илүү нарийвчилсан, хүний хэллэгт ойр үг хэллэгээр хайлт хийх боломжийг олгож байгаа аж.

Жишээлбэл, хэрэглэгч “уйтгартай” гэх мэт мэдрэмжийг илэрхийлсэн үгс ашиглан хайлт хийхэд, түүнд тохирох драм төрлийн кино, цувралуудыг санал болгоно. "Generative AI" технологийн тусламжтайгаар хэрэглэгчид илүү хувийн болон ухаалаг санал болгох системийг мэдрэх боломжтой болно.

"Netflix" өмнө нь хэрэглэгчийн үзсэн контент дээр үндэслэн таамаглал дэвшүүлдэг "AI"систем ашигладаг байсан бол энэ удаагийн шинэ алхам нь илүү дэвшилтэт хэрэглээний түвшинд хүрч байгаа гэсэн үг. Хэдий одоогоор зөвхөн "iOS" төхөөрөмж дээр туршигдаж байгаа ч, компанийн зүгээс энэ үйлчилгээг ирээдүйд АНУ болон бусад зах зээлд тэлэхээр төлөвлөж буй аж.