Алёна Юрьева Байбородина Улаан-Үд хот дахь Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын жүжигчнээр ажилладаг. Тэрээр УДЭТ-т тавигдаж буй “Анна Каренина" жүжгийн гол дүр Анна Каренинагийн “Хувь тавилан” дүрд тоглохоор Монголд ирээд байна. Тус дүрд МУАЖ Н.Сувд 108 удаа тоглосон бөгөөд түүний халааг Алёна Юрьева Байбородина авч байна. УДЭТ-ын уран бүтээлчид 2026 оны 2-р сарын 11-нд нээлтээ хийсэн тус жүжигт төдийгүй анх удаа ийнхүү ОХУ-ын жүжигчинтэй хамтран тоглож байна. Түүнтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

- Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулаач. Монголд хэзээ ирсэн бэ?
- Сайн байна уу? Намайг Алёна Юрьева Байбородина гэдэг. Би УБ-т 2-р сарын 5-нд ирсэн. Монголд дахин ирсэндээ маш их баяртай байна. Надад Монгол Улс маш их таалагддаг, энд байх надад тухтай байдаг. Энэ удаад би УБ-т дүр бүтээхээр ирсэн. Би ОХУ-ын Буриад улс дахь Улаан-Үдийн театрт 20 гаруй жил ажиллаж байна. Жүжигчний ажилдаа ч маш их хайртай.
- Та УДЭТ-д тавигдах гэж буй “Анна Каренина" жүжгийн гол дүр Анна Каренинагийн “Хувь тавилан" дүрд тоглохоор ирсэн. Тус дүрийн саналыг хэзээ, хэрхэн хүлээж авсан бэ?
- Монголд ирэхээс долоо хоногийн өмнө тус дүрийн санал ирсэн. Бид "Анна Каренина" жүжиг тавигдах гэж байгааг бол мэдэж байсан. Манай театраас хэн явах бол гэж таамаглаж байсан. Гэтэл надад Анна Каренинагийн “Хувь тавилан” дүрийн санал ирэхэд би татгалзаж чадаагүй. Энэ бол магадгүй аз, магадгүй хувь тавилан байх. Манай театрынхан бүгд надад баяр хүргэж, үзэгчид маань ч дэмжсэн. Хүмүүс "Чи тоглохгүй бол чамаас өөр хэн тоглох вэ" гэж байсан. Тус дүрийн саналыг маш талархаж хүлээж авсан. Анна Каренина бол үнэнээрээ энэ амьдралыг туулсан. Ингэхдээ нөхрөө хуураагүй. Харин ч өөрийнхөө хайр сэтгэлийг үнэнээр нь илчилж, тухайн илчилснийхээ төлөө нийгмийн шахалтад орж, энэ амьдралаас явах сонголтыг хийдэг.
- Энэ бол Оросын алдарт зохиолч Лев Толстойн зохиол. Тус зохиолыг УДЭТ тавьж байгаа бөгөөд энэ удаа Орос жүжигчин ирж тоглож байгаад бас үзэгчдийн хүлээлт ч өндөр байна. Таны хувьд Монгол үзэгчидтэй уулзахдаа хэр догдолж байна вэ?
- Ерөнхийдөө энэ жүжиг бол өөрөө маш үзэсгэлэнтэй, маш дээд зэргийн сэтгэл зүйн хэв маягт оруулдаг жүжиг. Гэсэн хэдий ч би өөрөө энэ жүжигт жижигхэн алмаз шигтгээ нь байхыг хүсэж байна. Улмаар Оросуудын сэтгэл зүйн онцлог, нэг тийм жижигхэн сүнсийг энэ жүжигт нэмэрлэхийг хүсэж байна.
- Танд өмнө нь "Анна Каренина" жүжигт ажиллаж байсан тохиолдол бий болов уу?
- Үгүй, өмнө нь энэ жүжигт дүр бүтээж байгаагүй. Гэхдээ сургуульд сурч байхад Лев Толстой, "Анна Каренина" зохиолыг уншиж байсан. Бидний багаасаа мэддэг, сургуульд үздэг Оросын сонгодог зохиолууд байдаг шүү дээ. Түүний нэг нь яах аргагүй "Анна Каренина. Жүжигчин хүн том дүрүүд ирэхэд дотооддоо хэдийн бэлэн болчихсон байдаг юм шиг санагдсан. Ямар ч жүжигчин Чехов, Толстой, Достоевскийн зохиолд тоглоход хэдэн настай байсан ч бэлэн байдаг байх. Тийм болохоор би энэ дүрийг авахдаа маш их хүсэл тэмүүлэлтэйгээр догдлон хүлээж авсан.
-Н.Сувд гуай “Анна Каренина” жүжгийн “Хувь тавилан” дүрд 108 удаа тоглосон байдаг. Түүнчлэн таныг Монголд ирэхэд угтаж авч, уулзсан. Танд ямар санагдсан бэ?
- Тийм ээ, МУАЖ Н.Сувд гуайтай уулзах маш гэнэтийн бас маш их хүндэтгэлтэй санагдсан. Тэр мундаг жүжигчин өглөө эрт босоод өөрөөсөө дүү, залуу жүжигчнийг угтахаар ирсэн нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Мөн УДЭТ-ынхан бүгд үүдэндээ угтаж авсан нь үнэхээр сайхан байсан.
- Тус жүжгийн найруулагч Н.Наранбаатарын шийдлээр Анна Каренинагийн "Хувь тавилан" гэдэг дүр гарч ирсэн. Тус дүрийг найруулагчийн шийдлээр гарч ирж байгаа бөгөөд зохиол дээрээ байдаггүй. Таны хувьд жүжгийн зохиолыг уншаад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
- Энэ бол найруулагчийн шийдэл. Найруулагч зохиолыг байгаагаар нь хуулах биш, өөрийнхөө санааг үзэгчдэд юу харуулахыг хүсэж байгаагаа шингээсэн. Би энэ зохиолын киног үзэх болгондоо "Анна, битгий үхээч, битгий ингэ л дээ" гэж боддог байсан. Харин найруулагч Н.Наранбаатар Аннаг авч үлдэж байгаа нь надад маш их таалагдсан.
- Монгол жүжигчидтэй хамтарч ажиллах танд ямар санагдаж байгаа вэ?
- Үнэхээр гайхалтай, маш сайхан санагдаж байгаа. Тэд тайзны ард ч, тайзан дээр ч надад маш сайн ханддаг. Туслахыг хичээдэг. Бидэнд хэлний асуудал гардаг ч заримдаа орчуулагч хэрэггүй байдаг, учир нь бид биеийн хэлэмжээрээ, сэтгэл хөдлөлөөрөө бие биенээ маш сайн ойлгож байна.
- “Анна Каренина” жүжгийн “Хувь тавилан” дүрд Орос жүжигчин ирсэн учраас үзэгчдийн хүлээлт өндөр байна. Та зорьж ирж үзэх гэж байгаа үзэгчдэд хандаж тус жүжгээрээ дамжуулан юуг одоо ойлгуулахыг хүсэж байгаа вэ?
- Магадгүй энэ бол амьдралыг туулах тухай. Бидний амьдралд гэнэтийн зүйлүүд маш олон тохиолддог. Аливаа зүйлийг туулах цаг үе нь сайн сайхныг ч юм уу, муу муухайг... Хамгийн гол нь аливаа зүйл тохиолдоход битгий бууж өг, бууж өгөхгүйгээр үргэлжлүүл гэдэг энэ санааг миний хувьд үзэгчиддээ ойлгуулахыг хүсэж байгаа.
- Цаг гарган ярилцсанд тань маш их баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.





