• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Монгол Улсын дархан хилийн зурвас газарт 34227 га газар олгосон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

Монгол Улсын дархан хилийн зурвас газарт 34227 га газар олгосон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

Монгол Улсын хил, хилийн зурвас бол эдийн засгийн ашиг сонирхлын объект биш. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлын хамгаалалтын бүс. Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хилийн тухай хуульд улсын хил халдашгүй дархан байх, хилийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг тодорхой зааж хуульчилсан. Гэтэл өмнөх Засгийн газар бүрэн эрх нь дуусгавар болохоос хэдхэн хоногийн өмнө, сүүлчийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах 10 хилийн боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан нь тодорхой болжээ.

“Боомтыг хөгжүүлнэ”, “эдийн засгийг дэмжинэ” гэх нэрийн дор халхавчлан улсын хилийн зурваст газар олгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон явдал нь хууль зөрчсөнөөс гадна Монголын ард түмний язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулсан, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр бөгөөд улсын хил хамгаалалтын дэглэмийг сулруулах бодит эрсдэлийг бий болгосон гэж үзэж байна. Засгийн газрын зүгээс хилийн зурваст олгогдсон газар ашиглалт, ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгана. Өнөөдрийн байдлаар улсын хилийн зурвас газартай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуул, ашиглалтын нийт 54 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 16, ашиглалтын 38 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд 20 тусгай зөвшөөрөл нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш олгогдсон байна. Зарим тусгай зөвшөөрлийн талбай нь хилийн цэргийн анги, салбар, батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлыг хангах зориулалттай тусгай хэрэгцээний газар, хилийн инженерийн байгууламжтай давхацсан, улсын хилийн шугамд тулсан, эсхүл улсын хилийн шугамд хэт ойр байрласан буюу улсын хилийн шугамаас 30 метр хүртэл ойр байрлаж байна.

Ашигт малтмалын тухай хуульд тусгай хэрэгцээний газарт тусгай зөвшөөрөл олгохыг хориглож, улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр хуульчилсан. Гэвч Засгийн газрын зохих шийдвэргүйгээр улсын хилийн зурваст тусгай зөвшөөрөл олгосон нь хил хамгаалалтын орон зай хумигдах, инженерийн байгууламж, мэдээллийн аюулгүй байдал алдагдах, гамшиг, ослын үед хил хамгаалалтын ажиллагаа тасалдах, мөн орон нутгийн иргэдийн амьжиргаа, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож байна.Хилийн зурвас бол хатуу дэглэмтэй, төрийн хяналттай, аюулгүй байдлын бүс хэвээр байх ёстой. 

Улсын хилийн зурваст аж ахуйн үйл ажиллагаа нэгдсэн бодлогогүйгээр хэт төвлөрөх нь хил орчмын бүс нутагт гадаад улсын эдийн засгийн болон стратегийн нөлөөллийг нэмэгдүүлэх, хяналтын тогтолцоо сулрах, хил хамгаалалтын байгууллагын шуурхай ажиллагаанд саад учруулах, хил дамнасан хууль бус үйл ажиллагаа нэмэгдэх, улмаар Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулах нөхцөлийг бүрдүүлж байгааг ажил хариуцсан албан тушаалтнууд хатуу анхаарч, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгожээ