• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Дээд шүүхээс 16 настай охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдох зарим шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр болов

Дээд шүүхээс 16 настай охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдох зарим шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр болов

16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэрэгт холбогдсон Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн  Улсын дээл шүүх хянан хэлэлцлээ.

  • Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын цагаатгалыг хүчингүй болгов: Анхан болон давж заалдах шатны шүүхээс тэднийг цагаатгаад байсан шийдвэрийг Дээд шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.

  • Х.Энхсайханы зүйлчлэл: Түүнийг "16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох" гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэх прокурорын гомдол, дүгнэлтийг үндэслэн өмнөх цагаатгах шийдвэрийг хүчингүй болгосон байна.

  • Э.Номин-Эрдэнийн эс үйлдэхүй: Түүнийг хэрэгт "хамжигчаар оролцсон" гэж прокуророос зүйлчилснийг шүүх хэрэгсэхгүй болгосон ч, Амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй (Эрүүгийн хуулийн 15.2) эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэн өмнөх шийдвэрийг мөн хүчингүй болгожээ.

  • Э.Ган-Эрдэнийн цагаатгал хэвээр үлдлээ: Шүүгдэгч Э.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг "гэмт хэргийн шинжгүй" хэмээн цагаатгасан шийдвэрийг хэргийн бодит нөхцөл байдалтай тохирсон гэж үзэж, хэвээр үлдээв.

Г.Отгонтуяа: "Хүүхэд бүр хайрлагдаж, хамгаалагдах ёстой"

Шүүх хуралдааны дараа талийгаач охины ээж Г.Отгонтуяа олон нийтэд мэдээлэл өглөө.

Г.Отгонтуяа: "Өнөөдрийг хүртэл хамт байж, дэмжсэн Монголынхоо нийт ард түмэнд маш их баярлалаа. Хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо. Би зөвхөн өөрийнхөө охины төлөө биш, нийт хүүхдийн язгуур эрх ашиг, хүүхэд бүр хайрлагдаж, хамгаалагдах ёстой, шударга ёс тогтох ёстой гэдэг үүднээс л тэмцсэн.

Миний хувьд энэ 2 жил 4 сар 9 хоногийн хугацаанд 'Охиныг минь онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн оролцогч, хамжигч, гүйцэтгэгч, зохион байгуулагчид яагаад ганцхан хүнд хэргээ тохоод ялаас мултрах гэж байгаа юм бэ' гэдэг дээр гомдолтой байж, өнөөдийг хүртэл явж ирсэн. Хууль хүчний байгууллага, өмгөөлөгчид, дэмжиж байсан ард түмэн болон гэр бүлийнхнээсээ 'Яагаад' гэдэг асуултыг тасралтгүй асуусаар ирлээ."

Тус хэрэг ийнхүү дахин анхан шатны шүүхээр хэлэлцэгдэхээр болж байна.