"Оюу Толгой" компанийн гүний уурхайд 2026 оны 10 дугаар сарын 29-ний 18:00 цагийн орчимд чулуулаг хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж, чичирхийлэл бүртгэгдсэн байна. Үүний улмаас чулуулаг нурж, 15 ажилтан бэртэл авчээ.
Нөхцөл байдалтай холбогдуулан уурхайн ослын удирдлага болон аврах багууд шуурхай арга хэмжээ авч, тухайн үед гүний уурхайд ажиллаж байсан бүх ажилтныг бүртгэн эрүүл мэндийн байдлыг нь нягтлан оношилгоо, шаардлагатай тусламжийг үзүүлсэн байна. Хүний амь нас эрсдээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар бэртсэн ажилтнуудын биеийн байдал тогтвортой байна.
Өнөөдөр буюу 10 дугаар сарын 30-ны өдөр "Оюу Толгой" компаниас гаргасан цаг үеийн мэдэгдлээр:
-
Эмнэлгийн хяналтад байсан 13 ажилтан биеийн байдал нь сайжирч, эмнэлгээс гараад байна.
-
Одоогоор 2 ажилтан Улаанбаатар хотод эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа бөгөөд гэмтлийн зэрэг нь амь насанд нь аюулгүй гэж мэдээллээ.
-
Компанийн зүгээс ажилтнууддаа шаардлагатай бүх төрлийн дэмжлэгийг шуурхай үзүүлж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Уурхайн бүсэд хийсэн урьдчилсан үзлэгээр чулуулаг нурсан зурвас талбайгаас бусад хэсэгт ямар нэгэн сөрөг нөлөөлөл үүсээгүй болохыг тогтоожээ.
Одоогоор нөхцөл байдлын үнэлгээг үе шаттайгаар үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэнд гүний уурхайн үйл ажиллагааг хяналт дор эхлүүлэхээр бэлтгэл хангаж байгаа аж. Компанийн зүгээс нөхцөл байдалтай холбоотой шинэчилсэн мэдээллийг тухай бүр олон нийтэд мэдээлнэ гэв.





