Улсын Дээд Шүүх З.Энхболдод холбогдох хэргийг 4 жилийн дараа эцэслэн шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхээс оноосон 40 сая төгрөгийн торгуулийн ялыг хэвээр баталсан байна.
Энэхүү шийдвэрийн талаар З.Энхболд хэлэхдээ, "Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд зохион байгуулалттайгаар нэр дэвших боломжийг хааж байна" гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Тэрээр УДШ дээр хэрэг засагдах байх гэж найдаж байсан ч хэрэг эхнээсээ зохиомол, ямар ч нотлох баримтгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэвээр батлагдсанд гүнээ харамсаж байгаагаа мэдэгдэв.
"37 оны хэлмэгдүүлэлт шиг буруу жишиг"
Түүний цохон зааснаар, энэхүү шийдвэр нь цаашид олон арван мянган төрийн албан хаагчийг хэлмэгдүүлэх аюултай буруу жишгийг нийгэмд тогтоож байна. Шүүхийн логикоор бол:
-
Төрийн албан хаагчийн хамаатан садны ажилладаг компани эсвэл тухайн иргэн төрөөс ямар нэгэн үйлчилгээ (хашааны газар, ТҮЦ-ний зөвшөөрөл, тендер авах эсвэл аваагүй байх гэх мэт) авахад "нөлөөлсөн байж таараа" гэж үзэн,
-
Тэрхүү нөлөөллийг нотлох шаардлагагүйгээр, ерөөсөө л хамаатан садан гэх үндэслэлээр зөвшөөрөл өгсөн сайд, засаг дарга нарыг иргэний хамаатан болох ТАХ-тай нь хамт ялладаг шинэ жишиг тогтож байна гэж тэрээр тайлбарлалаа.
Тэрээр энэхүү нөхцөл байдлыг 1937 оны хэлмэгдүүлэлттэй зүйрлэн, ямар ч гэм зэмгүй хүнийг хэлмэгдүүлэн ялж байгааг шүүмжлэв.
З.Энхболд хэлэхдээ: "Төрийн албан хаагчдыг хамаатан садны харилцаагаар нь бодон шууд ялладаг энэхүү аюултай бөгөөд буруу жишгийг устгахын төлөө цаашид тууштай тэмцэх болно" хэмээн мэдэгдлээ.





