-Хэд хоногийн өмнө Монгол Улсын иргэн ОХУ-д өндөр цалинтай ажил хийхээр яваад цэрэгт дайчлагдсан гэх мэдээлэл гарсан. Энэ асуудлаар тодруулга өгөөч?
-Бямба гаригт тухайн иргэний ар гэрийн хүн нийгмийн сүлжээнд бичлэг байршуулж, ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучлаад ОХУ-ын Украйнд явуулж буй цэргийн тусгай ажиллагаанд оролцуулсан гэдэг мэдээлэл гарсан. Энэ бичлэг цацагдахаас өмнө ар гэр нь Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасан. Үүний дагуу Гадаад харилцааны яам энд байгаа ОХУ-ын элчин сайдын яам, мөн ОХУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яамаар дамжуулан ОХУ-ын Цэргийн поркурорын газар болон БХЯ руу холбогдож тухайн иргэний мэдээллийг өгсөн. Бид тухайн иргэний ар гэртэй байнга холбоотой байж, асуудлыг хурдан шийдвэрлэх тал дээр ажиллаж байна. Гадаад харилцааны яамны хэрэгжүүлдэг чиг үүргийн нэг нь хилийн чандад байгаа иргэдийн хууль ёсны эрх ашигийг хамгаалах байдаг. Тиймээс энэ асуудлыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хурдан шийдвэрлэхээр хичээж байна.
Тухайн иргэн залилан, луйварын шинжтэй зүйлд татагдан орж, хэлний бэрхшээлээс үүдэн гэрээний зүйл заалтыг бүрэн ойлгоогүй, санамсар болгоомжгүйгээр гарын үсэг зурсан байна. Тиймээс гэрээг цуцалж тухайн иргэнийг буцааж авах талаар ОХУ-ын талд хандсан. Нөхцөл байдал өдөр, хоногоор хэмжигдэж байгааг сайн ойлгож байгаа учраас аль болох богино хугацаанд асуудлыг шийдвэрлэхийн тулд ажиллаж байна.
Энэ асуудал цаашид давтагдаж магадгүй. Иргэд өндөр цалин амласан тогооч, тээврийн жолоочийн ажилд пэйж хуудсуудаар дамжуулан бүртгүүлж ОХУ-ын хил давдаг. Гэтэл бодит байдал дээр энэ нь залилан, луйврын шинжтэй ОХУ-ын зарим хуулийн этгээд, хувь хүмүүсийн зохион байгуулсан үйл ажиллагаа байдаг. Үүнийг таслан зогсоох чиглэлээр Гадаад харилцааны яам өнгөрсөн жилүүдэд тодорхой арга хэмжээ авч ажилласан.
- Тайланд улсад 51 настай монгол улсын иргэн хулгай хийсэн гэх асуудлаар мэдээлэл өгнө үү?
- Энэ тухай Тайланд улсын хэвлэлүүдээр гарсан. Тус улсад суух элчин сайдын яам тухайн иргэнтэй уулзаж тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Мөн иргэний ар гэрт тодорхой мэдээлэл өгсөн. Ийм асуудал хувь хүний нууцыг хамгаалах хуультай холбогддог учраас тухайн гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг ар гэрийнхэнээс нь өөр хүмүүст өгөх боломжгүй.


