Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын гаргасан мэдэгдэлтэй холбогдуулан албан ёсны байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргалаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нь 2026 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх асуудлыг түр хойшлууллаа" хэмээн олон нийтэд мэдээлсэн юм.
Тэгвэл уг шийдвэрийг МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны бүрэн эрхэд халдсан, түүнчлэн түншлэлийн зарчмаас ухарсан хууль бус үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Хуулийн зохицуулалт болон шийдвэрийн үндэслэл
Мэдэгдэлд дурдсанаар, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт "Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хуульд заасан үндэслэлийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтоох бөгөөд энэ хуулийн 6.1, 6.2-т заасан саналын дагуу шинэчлэн тогтоож болно" гэж тодорхой заасан байдаг. Энэ нь гурван талт Үндэсний хороонд төлөөлөлтэй аль нэг тал эсхүл талууд хамтран санал гаргасан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоодог зохицуулалт юм.
Улмаар Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2026 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,000,000 (нэг сая) төгрөг, цагийн 5952.3 төгрөг байхаар тогтоох шийдвэрийг санал нэгтэйгээр баталсан байна.
"Сайдад шийдвэрийг цуцлах, хойшлуулах эрх зүйн үндэслэл байхгүй"
МҮЭХ-ноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, шинэчлэх, өөрчлөх нь зөвхөн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны онцгой бүрэн эрх гэдгийг онцоллоо.
Иймд салбарын сайд болон Засгийн газарт Үндэсний хорооноос нэгэнт шийдвэрлэсэн тус шийдвэрийг бие даан хойшлуулах, цуцлах, өөрчлөх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг МҮЭХ-ноос анхааруулжээ.





