Гадаад харилцааны яам: Бидэнд ирсэн мэдээллээр манай улсын нэг иргэн сайн дураараа яваад Украйны талд олзлогдсон, мөн нэг иргэн дайнд оролцож нас барсан. Бид нас барсан иргэний гэр бүлтэй уулзаж ОХУ-ын талд нөхөн олговор олгуулах асуудлыг тавьж олгуулаад байна. Нийт зургаан иргэн байснаас нэг иргэн олзлогдож, нэг иргэн нас барсан. ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна хэмээн залилан мэхлэж, цэргийн үйл ажиллагаанд татан оруулсан гэх 8 иргэнийг энэ сарын 18, 21-ний өдрүүдэд нутаг буцаасан. Өнөөдрийн байдлаар нэг иргэнээ ОХУ-аас нутаг буцаахаар ажиллаж байна. Үүнээс гадна дахиад 6 иргэн байгаа гэдэг албан ёсны мэдээлэл яаманд ирсэн. Тиймээс бид ард иргэдэд сэрэмжлүүлж байна.
ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэсэн мэдээлэлд итгэж ОХУ-ын хил нэвтэрсэн, цаашлаад цэргийн баазад очсон гэх мэдээллийг ар гэр нь ямар нэг шугмаар авсан бол тухайн иргэний бичиг баримтын хуулбарыг авчирч албан ёсоор бүртгүүлэх шаардлагатай байна. Ингэж байж бид хохирсон иргэдийн тоог гаргаж, нутаг буцаах ажлыг зохион байгуулна.


