“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Барилгын материалын чанар, сорилт шинжилгээний лабораторид, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын албаны дарга Ц.Шинэхүү, Тус төвийн захирал Д.Мөнхбаатар, Нийтийн аж ахуй, судалгаа, мэдээлэл, дэд бүтцийн хөгжлийн газрын дарга Т.Батгэрэл болон холбогдох ажилтнууд газар дээр нь ажиллалаа.

Тус лаборатори нь 2009 онд байгуулагдсан бөгөөд чанарын удирдлагын тогтолцоог олон улсын стандартын түвшинд хэрэгжүүлэн ажиллаж байна. 2010–2018 онуудад Стандарт, хэмжил зүйн газраас, 2021 болон 2025 онуудад Үндэсний итгэмжлэлийн төвөөс тус тус итгэмжлэл авч, MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг ханган үйл ажиллагаа явуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар лаборатори нь 8 чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 141 нэр төрлийн тоног төхөөрөмж ашиглан 92 төрлийн дээжид 527 үзүүлэлтээр барилгын материалд физик, механикийн сорилт, шинжилгээ хийж байна. Барилгын материалын чанар, аюулгүй байдлыг хангах хүрээнд бетон дүүргэгч, холбогч материал, металл хийц, керамик, хуванцар, хөрс, цонх-хаалга, будаг зэрэг төрөлжсөн лабораториуд ажиллаж байна.

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас тус лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар санал солилцож холбогдох үүрэг чиглэлийг өглөө.


