Засгийн газар хуралдаж Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төслийн талаарх Ерөнхий сайд болон УИХ-ын зарим гишүүний байр суурийг хүргэж байна.
Ерөнхий сайд Н.Учрал: 18 настай хүүхэд IPhone хулгайлаад 5 жилийн ял эдэлж байхад татвар төлөгчдийн мөнгөөр цалин авч амьдардаг нийтийн албан тушаалтан, улстөрийн албан хаагч нар хууль бусаар хөрөнгөжөөд 50 сая төгрөгийн торгууль төлөөд ял завшдаг байж болохгүй. Энэ шударга бус байдлыг таслан зогсооно. Авлигын хэрэг өөрийн гэсэн онцлогтой. Санхүүгийн нарийн схемтэй. Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж өмч, хөрөнгийг нуун шилжүүлж гадаадад хөрөнгө байршуулах нь түгээмэл байдаг.
Нийтийн албан тушаалтнуудаас хураасан хууль бус хөрөнгийг хуримтлуулж нийгмийн сайн сайхан, иргэний хөгжилд зарцуулахаар шийдвэрлэж байна гэсэн үг. Ялангуяа, олон улсад мөнгө угаадаг, мөнгө босгодог асуудал дээр манай улс шиг байгалийн баялагтай орнууд тусгай шүүх байгуулж шийдвэрлэдэг. Хөрөнгө хураан авах механизм бол санхүүгийн үйл явц юм билээ. Тиймээс авлигаар дагнасан шүүх байгуулах асуудлыг энэ хуулиар нээж байна. Ингэснээр авлигаар дагнасан шүүх байгуулах олон улсын санаачлагад Монгол Улс нэгдэн орох асуудалд өөрийн байр сууриа илэрхийлнэ. Нийгэмд “Цаашид шувуу болчих юм байна” гэдэг хандлага бий учраас мэргэшсэн шүүхтэй болох нь зүйтэй. Ингэснээр хууль бус хөрөнгө илэрүүлэхэд хууль сахиулах байгууллага болон татвар, санхүүгийн байгууллагууд хамтран ажиллах боломж бүрдэнэ. Улсаа хохиролгүй болгох үүднээс энэ хуулийг оруулж ирнэ. Ингээд Хууль бус хөрөнгийг хураан авах хуулийн төслийг УИХ-д оруулахаар тогтож байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 2002 оны хар хуулиар бол 5 хохирогчийн 1-нийх нь хохирлыг барагдуулаад 4 хүн нь хохироод үлддэг байсан. Ерөнхий сайдын хэлсэнчлэн хөрөнгийг хураадаг болох хэрэгтэй.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Засгийн газар авлигаас олсон хөрөнгөөр стадион ч юм уу, эмнэлэг ч юм уу нийгмийг хамарсан ямар нэг зүйл хийнэ гээд зарлачихвал яадаг юм.


