Шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш \2026.11.28\ улс орон даяар эхлэх гэж байна. УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг уг тэмцээнд 6000 гаруй шатарчид оролцох бөгөөд гурван үе шаттай явагдах юм.
Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд эхний шатны тэмцээн зохион байгуулагдаж сум тус бүрээс хоёр эрэгтэй, нэг эмэгтэй, дүүргээс зургаан эрэгтэй, гурван эмэгтэй шатарчин шалгарч, улмаар шалгарсан тамирчид ирэх сарын 19, 20-нд болох хагас шигшээ шатанд өрсөлдөх эрхтэй болно. Шигшээ тэмцээн 2027 оны нэгдүгээр сард Улаанбаатарт болж, шатар сонирхогчдын улсын аваргууд тодрох юм.
Тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингээр чансаа нь 2000-аас дээшгүй (эмэгтэй шатарчдын хувьд 1800), шатрын спортын улсын цолгүй, 25 нас хүрсэн хөдөлмөрийн насны шатар сонирхогчид оролцох боломжтой.


