Бразилийн нийслэл Бразилиа хотод Бразил болон Хятадын хөдөө аж ахуйн дээд албан тушаалтнууд уулзаж, Бразилаас Хятадад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэхээр болжээ. Азийн хамгийн том эдийн засаг болох Хятадад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт эрчимтэй өсч буй энэ үед уг уулзалт асар ач холбогдолтойд тооцогдож байна.
Бразилийн засгийн газрын мэдээлснээр уулзалтын гол сэдвүүдийн нэг нь шар буурцаг, үхрийн мах зэрэг бүтээгдэхүүний экспорт болон АНУ-ын татварын улмаас үүссэн экспортын орон зайг нөхөх боломж байх ажээ.
Мөн Хятадын тал сүүлийн үед техникийн болон эрүүл ахуйн шаардлага хангаагүйн улмаас Бразилийн 28 нядалгааны газрыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсантай холбоотойгоор экспортын гэрчилгээжүүлэлтийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэхүү уулзалт нь АНУ болон Хятадын хооронд өрнөж буй худалдааны хурц маргааны үеэр болж байгаагаараа онцлог юм.