Сонирхолтой боловч тайлбарлахад бэрх үзэгдэл дэлхийн олон оронд ажиглагдсаар иржээ. Уг үзэгдэл нь томоохон дайны дараа хөвгүүдийн төрөлт огцом нэмэгддэг үзэгдэл юм. Энэхүү асуудлыг судлаачид “Returning Soldier Effect” буюу “Буцаж ирсэн цэргүүд” хэмээн нэрлэжээ.
Энэ үзэгдэл нь зөвхөн нэг орны онцлог биш бөгөөд Дэлхийн нэгдүгээр болон хоёрдугаар дайн, Вьетнамын дайн, Заливын дайн зэргийг дагалдан олон улсын хэмжээнд давтагдсан байна. Дайны дараах жилүүдэд төрсөн хүүхдүүдийн дунд хөвгүүдийн эзлэх хувь өндөр гарч, хүйсийн харьцаа уламжлалт 105:100 (хөвгүүд:охид) гэсэн хэмээс хазайх нь олонтоо ажиглагджээ.
Эрдэмтдийн дунд энэ үзэгдлийн шалтгааны талаар тодорхой нэг дүгнэлт хараахан гараагүй байгаа ч хэд хэдэн боломжит онол дэвшүүлэгдээд байна. Үүнд:
- Гормоны өөрчлөлт: Дайны дараа гэр бүлүүд дахин нэгдэж, эрэгтэйчүүдийн стресс буурч, тестостероны түвшин сэргэснээр эр бэлгийн эсүүдийн идэвх нэмэгдэж байж болзошгүй.
- Сэтгэлзүйн нөлөө: Хайртай хүнтэйгээ дахин уулзсан аз жаргал, сэтгэл санааны тогтворжилт нь бие махбодын биологийн үйл явцыг өөрчилдөг байж магадгүй.
- Эволюцийн онол: Хүн амын өсөлт, нөхөн төлжих үйл явцад хувьслын түвшинд “хүчтэй эрчүүдийг нөхөн үйлдвэрлэх” хандлага бий болдог гэж тайлбарладаг зарим судлаач ч бий.
- Статистик өөрчлөлт: Дайнаас эргэн ирсэн эрчүүдийн дунд нас залуу, эрүүл хүмүүс давамгайлж байдаг тул тэднээс төрөх хүүхдүүдийн хүйсийн хандлага өөрчлөгддөг байж болох.
Түүхэн тоо баримтаас үзэхэд уг хандлага тохиолдол бус, зохих давтамжтай давтагддаг үзэгдэл гэдэг нь тодорхой. Гэсэн хэдий ч шалтгаан, механизмын талаар бүрэн ойлголт үүсээгүй байгаа нь энэ үзэгдлийг орчин үеийн биологи, антропологи, сэтгэл судлал зэрэг салбарын хувьд сонирхол татсан нээлттэй сэдэв болгож байна. Эрдэмтэд уг үзэгдлийн учир шалтгааныг бүрэн тогтоож чадвал, хүн амын хүйсийн харьцаа, нөхөн үржихүйн стратеги зэрэг өргөн хүрээтэй асуудлуудад шинэ ойлголт өгч мэдэх юм.