2025 оны 4-р сарын байдлаар "JPMorgan" банкны эдийн засагчдын тооцоолсноор АНУ уналтад орох магадлал 56 хувь хүртэл өсжээ. Энэ өсөлтийн гол шалтгаан нь Трампын засаглалын хэрэгжүүлж буй өндөр татварын бодлого гэж үзэж байна.
Татварын нэмэгдэл нь санхүүгийн тодорхойгүй байдал үүсгэж, хөрөнгө оруулалт багасах, зах зээлийн хэлбэлзэл нэмэгдэхэд хүргэжээ. "Goldman Sachs" (Америкийн олон улсын хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компани) эдийн засгийн уналтын магадлалыг 45 хувь болгон нэмэгдүүлсэн бөгөөд худалдааны зөрчлүүдийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг онцолсон байна.
Гэсэн ч зарим санхүүгийн байгууллагууд илүү өөдрөг байр суурийг баримталж байна. Тухайлбал "Wells Fargo" банк өндөр дүнтэй өрхийн хөрөнгө орлогын түвшин, ажилгүйдлийн доод түвшин, тогтвортой хэрэглээ зэрэг нь АНУ-ыг уналтаас хамгаалж чадна гэж үзэж байна.
Тэгсэн ч ихэнх эдийн засагчдын дүгнэлтээр, 2025 онд эдийн засгийн уналт тохиох эрсдэл бодитоор нэмэгдсэн бөгөөд энэ нь худалдааны бодлого, олон улсын эдийн засгийн уур амьсгалтай салшгүй холбоотой юм.