• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Монгол, Хятад хоёр улс газрын тосны салбарт урт хугацааны стратегийн хамтын ажиллагаа эхлүүллээ

Монгол, Хятад хоёр улс газрын тосны салбарт урт хугацааны стратегийн хамтын ажиллагаа эхлүүллээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци (CNPC)-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, ирэх 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх болон шатахууны урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, хайгуул, боловсруулалтын чиглэлээр тохиролцоонд хүрэв. Уулзалтын үр дүнд хоёр тал Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, нарийвчилсан замын зураглал гаргахаар тогтлоо.

Шатахууны нийлүүлэлт ба нэмэлт захиалга

  • 9 дүгээр сарын баталгаат нийлүүлэлт: 10,000 тонн автобензин, 4,000 тонн онгоцны түлш, 3,000 тонн дизель түлш.

  • Нэмэлтээр хүргүүлсэн хүсэлт:

    • 9 дүгээр сард: 5,000 тонн АИ-92, 20,000–30,000 тонн дизель түлш.

    • 10 дугаар сард: 10,000 тонн АИ-92, 30,000–40,000 тонн дизель түлш. (CNPC-ийн тал шуурхай судлан нааштай шийдвэрлэхээ илэрхийлэв).

  • Тогтолцооны шинэчлэл: Шатахуун худалдан авалтыг богино хугацааны хэлцлээс урт хугацааны тогтвортой гэрээ, ойлгомжтой үнийн томьёолол болон төмөр замын логистиктой уялдсан бүтэц рүү шилжүүлнэ.

Хайгуул болон олборлолтын хөрөнгө оруулалт

  • Одоогийн талбайнууд: Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн 2026–2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг шинэчилж, шинэ цооног өрөмдөх болон нөөцийг дахин үнэлэх замаар оны олборлолтыг 0.8–1.0 сая тонн хүртэл нэгтгэн нэмэгдүүлнэ.

  • Шинэ талбай: Монгол Улсын 1–2 шинэ хайгуулын талбайд CNPC-ийг урьж, геологи-эдийн засгийн урьдчилсан үнэлгээг хамтран эхлүүлнэ.

Түүхий эдийн хангамж ба Нүүрс-хийн технологи

  • Боловсруулах үйлдвэр: 2028 онд ашиглалтад орох Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий тосоор тасралтгүй хангахад зориулж АҮЭБЯ, CNPC, "Daqing Oilfield", болон Боловсруулах үйлдвэрийн төлөөллөөс бүрдсэн хамтарсан техникийн баг ажиллана.

  • Нүүрс-хими: Нүүрсний давхаргын метан хий, нүүрснээс нийлэг хий болон шингэн түлш үйлдвэрлэх гүн боловсруулалтын төслүүдийн боломжийг хамтран судална.