Малын эмч нарын тайван жагсаалд 200 гаруй малын эмч оролцож байна

Монголын Үндэсний мал эмнэлгийн холбооноос орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг олгоогүй асуудлаар Сангийн яаманд шаардлага хүргүүлээд байсан. Тиймээс үүнтэй холбоотойгоор Мал эмнэлгийн салбарын төлөөллүүд өнөөдөр Төв талбайд тайван жагсаал хийж байна. Тус жагсаалд нийт 21 аймаг 330 сумаас 200 гаруй малын эмч нар ирээд байна. 

Тус холбооны мэдээлснээр, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор өнгөрсөн онд улс даяар 1000 гаруй аж ахуйн нэгж зээл аваад мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Гэвч эдгээр ААН-үүдийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох нийт 20.1 тэрбум төгрөг өнөөдрийг хүртэл олгоогүй аж. Нийт 30 гаруй тэрбум төгрөг олгохоор төлөвлөсөн ч үүний дөнгөж 30-40 хувийг л шилжүүлж, үлдэгдэл 60 хувийн санхүүжилтийг олгоогүй нь салбарт хүндрэл үүсгэжээ. 

Хэрэв энэ асуудал шийдэгдэхгүй бол малын халдварт өвчин олноор дэгдэх, улмаар хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий гэж салбарынхан анхааруулж байна. Иймд бодит нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг төрийн бодлогын түвшинд хүргэх зорилгоор Монголын Үндэсний мал эмнэлгийн холбооноос тайван жагсаал зохион байгуулахаар болжээ.

Монголын Үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг: "Бид санхүүжилтийн 60 хувиа он дамнан авч чадахгүй байна. Энэ нь малын эмч нарын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Тиймээс төрийн 3 өндөрлөг болон харъяа яам, мал эмнэлгийн газарт шаардлага хүргүүлнэ. Малын эмч нар 1997 оноос хойш хувийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж, үйлчилгээний хөлсөөр авч амь зогоож ирсэн. Энэ салбарынхны 50 хувь нь 50-аас дээш настай. Нийгмийн асуудал шийдэгдэхгүй байгаа учраас тайван байдлаар үзэл бодлоо илэрхийлж байна" гэв.