• Нүүр
  • Мэдээний өрөө
  • СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой хүн яагаад гадуур чөлөөтэй явах болсныг шалгана

СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой хүн яагаад гадуур чөлөөтэй явах болсныг шалгана

ХЗДХ-ийн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр "Шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан. Энэ арга хэмжээний дараа болсон үйл явдалтай холбоотой эрх зүйн орчны хүрээнд засаж залруулах зүйлс байна. Тухайлбал, Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хуулийн дагуу явагдсан эсэх, шинжээчийн дүгнэлт бодитой, үнэн зөв байсан эсэхийг нягталж шалгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой этгээдийг ямар үндэслэл, дүгнэлтийн хүрээнд албадлагын арга хэмжээнээс чөлөөлж гадуур сул чөлөөтэй явах нөхцөл байдал үүсэнийг шалгаж тогтоох ёстой.

Иймд ХЗДХ-ийн сайдын тушаалаар шуурхай ажлын хэсэг байгуулагдаж, Эрүүгийн хуульд байгаа эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний үр нөлөө нь эрүүгийн хариуцлагын гол зорилгод нийцэж чадаж байна уу гэдгийг бодож эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эхлүүлж байна. Улмаар бид холбогдох хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.  Дахин ийм гэмт хэрэг гарах ёсгүй" хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн Сэтгэцийн эмгэгтэй иргэдэд авах эмнэлгийн чанартай албадлагын шинэ төвийг СЭМҮТ-ийн дэргэд байгуулна гэв. 

Нэмэлт мэдээлэл хүргэхэд энэ оны нэгдүгээр сарын 4-ний орой Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан хүн амины онц ноцтой гэмт хэрэг гарсан. Тодруулбал М (30 настай), А (4 настай) нар бусдад хутгалуулж нас барсан. Мөн А (3 настай) мэсэнд зүсэгдсэн шархтай, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал хүнд байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.