СЭМҮТ-ийн Захирал Г.Анхболд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасагт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцан, орон нутгийн хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэхэд тулгарч буй бэрхшээл, ололт амжилт, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Тус тасаг нь 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн эрхлэгч эмч А.Баярмаагаар удирдуулсан долоон сувилагч, хоёр үйлчлэгч, өвчтөн хүлээн авах 15 орны хүчин чадалтайгаар ажиллаж байна. Тэд Хэнтий аймгийн хэмжээнд сэтгэцийн эмгэгийг илрүүлэх, эмчлэн эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна. Мөн олон улсын болон үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор сургалт сурталчилгааны үйл ажиллагааг ч амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Г.Анхболд захирал тус тасгийн ажилтнуудад сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй, чанартай хүргэж байгаад нь талархал илэрхийлээд цаашид тус тасгийн үйл ажиллагааг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэшил, ур чадавхийг дээшлүүлэхэд шаардлагатай арга зүйгээр хангаж ажиллана гэлээ.





