Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал залуу гэр бүлүүдийг орон сууцжуулах болон тэтгэврийн тогтолцоонд түүхэн шинэчлэл хийх зорилготой хуулийн төслүүдийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
Эдгээр хуулийн төслүүд нь нийгмийн дундаж давхаргыг дэмжих, залуу үеийн санхүүгийн ачааллыг бууруулах, ахмадуудын хөдөлмөр зүтгэлийг бодитоор үнэлэхэд чиглэж байна.
1. Залуу болон олон хүүхэдтэй гэр бүлүүдийг ипотекийн зээлд тэргүүн ээлжинд хамруулна
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд нийгмийн зорилтот бүлгүүдийг орон сууцжуулах дараах зохицуулалтыг тусгалаа. Үүнд:
-
Хүүхэдтэй залуу гэр бүл,
-
Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүд анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан тохиолдолд тэднийг зорилтот бүлгийн жагсаалтад багтааж, зээлээр тэргүүн ээлжинд хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгажээ.
2. “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн хүрээнд хийгдэх өөрчлөлтүүд
Ерөнхий сайд Н.Учралын өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол үзэл баримтлал нь "Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих" явдал юм.
Ерөнхий сайд Н.Учрал: "Энэхүү шинэчлэлээр тэтгэврийн зөрүүг арилгаж, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжинэ. Тэтгэврийн даатгалын сангийн урт, дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, залуу үед ирэх санхүүгийн ачааллыг бууруулах тогтолцоог үе шаттайгаар бүрдүүлнэ" хэмээн мэдэгдэв.
💡 Ахмад настнуудад чиглэсэн тэтгэврийн шинэчлэлийн гол тоонууд:
-
Баталгаат тэтгэвэр: Ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс хамаарч 100,000-аас 300,000 төгрөгийн баталгаат тэтгэврийг ахмад настан бүрд шинээр олгоно.
-
Тэтгэврийн нэмэгдэл: Нийт 504,000 ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ.
-
Зөрүү арилгах: Өмнө болон хойно тэтгэвэрт гарсан иргэдийн шударга бус зөрүүг арилгаж, итгэлцүүрт хэрэглэх цалингийн дээд хязгаарыг шинэчилнэ. Үүний үр дүнд 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилна.
-
Урт хугацааны урамшуулал: 25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэдийн нэмэгдлийг жилд 1.5 хувиар бодож байсныг 2 хувь болгон өсгөнө.
-
Хожуу тэтгэвэрт гарах урамшуулал: Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг 4 хувиар нэмэгдүүлнэ.
-
Шимтгэлийн чөлөөлөлт: Тэтгэвэр авагч иргэн үргэлжлүүлэн ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлнө.
3. Залуучууд, оюутнууд болон бизнес эрхлэгчдийг дэмжих зохицуулалт
Хуулийн төсөлд хөдөлмөрийн зах зээлийг идэвхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах хувьсгалт өөрчлөлтүүдийг тусгасан байна.
-
Бодит мөнгөн хуримтлал: Нэр төдий байсан нэрийн дансны тогтолцоог өөрчилж, бодит мөнгөн хуримтлал хийх сонголтыг бий болгоно. Даатгуулагчийн тэтгэврийн мөнгөн хуримтлалд төрөөс нэмэлт дэмжлэг, тодорхой хугацаанд урамшуулал олгоно.
-
Оюутнуудыг дэмжих: Оюутнуудын цагийн ажлыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө. Мөн анх удаа нийгмийн даатгалд хамрагдаж буй залууст шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх бөгөөд ажлын байранд гараад шимтгэлээ нөхөн төлөх уян хатан боломжийг олгох юм.
-
Гэрээт ажилчдын нөхцөл: Хэд хэдэн гэрээгээр (ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах) зэрэг ажилладаг иргэдийн хөдөлмөрийн онцлогт тохируулан НДШ-ийг уян хатан нөхцөлөөр төлүүлнэ.
-
Гарааны бизнесийг дэмжих: Сүүлийн 5 жилийн дотор бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж байгаа 1-5 ажилтантай ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 36 хүртэлх сараар (3 жил) чөлөөлнө.
-
Ажил олгогчийн ачааллыг бууруулах: Ажил олгогчийн төлөх НДШ-ийн хэмжээнд дээд хязгаар тогтоож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулахаар тусгажээ.





