Анхны сансрын зочид буудал 2027 онд нээгдэнэ

Нэгэн цагт мөрөөдөл мэт санагдаж байсан "сансрын аялал"  тун удахгүй бодит биеллээ олох нь. "Gateway Foundation" болон "Orbital Assembly Corporation" хамтран дэлхийн анхны сансрын зочид буудал болох "Voyager Station"-ийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ажээ.

"Voyager Station" нь ойролцоогоор 50,000 м.кв талбайтай байх ба ресторан, кино театр, спорт заал, судалгааны төв, хувийн байр зэрэг олон төрлийн байгууламжуудтай байх юм. Энэхүү зочид буудал нийт 440 хүн хүлээн авах багтаамжтай бөгөөд аялагчдад тайван орчинд амарч, дэлхийг сансрын өндөрлөгөөс ажиглах боломжийг олгоно.

Загвар зохион бүтээгч Тим Алаторре энэ талаар “Ирээдүйд сансарт аялна гэдэг нь амралтаа Диснейлэнд эсвэл тансаг аяллын хөлөг онгоцоор өнгөрүүлэхтэй адил энгийн, олон нийтэд хүртээмжтэй сонголт болно” хэмээн дурдсан байна.

Хамгийн сонирхолтой нь, энэхүү аяллыг зөвхөн чинээлэг хүмүүст бус, илүү өргөн хүрээнд хүртээмжтэй болгохоор хөгжүүлэгчид зорьж буйгаа онцолжээ. Хэдийгээр өнөөдөр энэ төрлийн аялал өртөг өндөртэй байж болох ч ирэх арван жилд үнийн хувьд буурч, илүү олон хүнд хүртээмжтэй болох төлөвтэй юм.