ЕБС-ИЙН ХҮҮХДҮҮД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА

Боловсролын сайдын 2026 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан бөгөөд уг өөрчлөлтийг багш, эцэг эхчүүдийн санал, сурагчдын суралцах онцлог, эрүүл мэнд болон гэр бүлийн амьдралын хэрэгцээ шаардлагад үндэслэн боловсруулжээ.

Шинэ бүтцийн гол өөрчлөлтүүд:

  • Дөрвөн улирлын систем: Өмнө нь I улирал 16 долоо хоног үргэлжилдэг байсан ачааллыг багасгаж, сурагчдын хичээллэх болон амрах хугацааг тэнцвэржүүлсэн.

  • Өвлийн амралт ба бие даалт: Нийслэлийн сурагчид 12 дугаар сарын гурав дахь долоо хоногт бие даалтын үйл ажиллагаанд шилжиж, цааш үргэлжлүүлэн 3 долоо хоног амарна.

  • Цагаан сарын бие даалтын долоо хоног: Үндэсний өв уламжлал, ёс заншлаа судлах боломжийг олгох үүднээс Цагаан сарын баярын өдрүүдэд ачаалал багатай бие даалтын долоо хоногийг зохион байгуулна.

  • Орон нутгийн онцлогт нийцүүлсэн зохицуулалт: Хичээлийн жилийн хоёр удаагийн бие даалтын долоо хоногийг Цагаан сарын баяр, нийслэлийн өвлийн амралт, орон нутгийн мал төллөх үетэй уялдуулан уян хатан байдлаар тусгажээ.

  • Зуны амралт эрт эхэлнэ: Бага ангийн сурагчид 5 дугаар сарын хичээл дуусмагц, дунд болон ахлах ангийн сурагчид 6 дугаар сарын хоёр дахь долоо хоногоос амарч эхэлнэ.

Зуны амралт эрт эхэлснээр багш нар ээлжийн амралтаа зуны улиралд бүрэн эдэлж, 8 дугаар сарын дунд үеэс хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ чанартай, тайван хангах боломж бүрдэж байна.

Боловсролын салбарын энэхүү бодлогын шийдвэрийг боловсруулахад багш, эцэг эхчүүдийн санал хүсэлтийг нэгтгэн уламжилж, идэвхтэй хамтран ажилласан Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагад талархал илэрхийлж байна.

Боловсролын бодлогын аливаа шинэчлэлд багш нарын дуу хоолой, эцэг эхчүүдийн оролцоо хамгаас чухал бөгөөд хүүхдэд ээлтэй, эцэг эхэд дэмтэй, багшид ээлтэй боловсролын орчныг хамтдаа бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.