Энэ сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монгол хэл бичгийн шалгалтын агуулга цахим орчинд хүчтэй шүүмжлэл дагуулж, боловсролын салбарынхан болон эцэг эхчүүдийн дунд томоохон маргаан дэгдээгээд байна. Шалгалтын эх болгон ашигласан зохиолч Ц.Доржготовын “Нохой гэрт хүн урдаггүй” өгүүллэг нь сурагчдын нас, сэтгэхүйд тохироогүй гэх шүүмжлэлийн гол бай болов. Үүнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс (БҮТ) албан ёсны тайлбар мэдээлэл гаргажээ.
Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтад ЕБС-ийн 90,000 орчим шалгуулагч хамрагдсан бөгөөд 12 дугаар ангийнхны "Эхийг уншиж ойлгох" даалгаварт Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Доржготовын бүтээлүүдийг ашигласан байна.
БҮТ-өөс мэдээлснээр шалгалтын агуулгыг Хэл зохиолын хүрээлэн болон их, дээд сургуулийн судлаач, багш нартай зөвшилцөн тогтоодог. Уншиж ойлгох чадварыг сорихдоо:
-
"Хурууны чинээ лааны гэрэл" (1999)
-
"Хөгшид хөгжөөнтэй" (2009)
-
"Нохой гэрт хүн урддаггүй" (1980) зэрэг өгүүллэгүүдийг хялбаршуулан сонгожээ.
"Нохой гэрт хүн урддаггүй" өгүүллэгийн утга санаа
Олон нийтийн дунд маргаан дагуулаад байсан тус өгүүллэгийн тухайд БҮТ-өөс дараах тайлбарыг өгөв. Уг зохиол нь:
Дүр дүрслэл: Түгжав хэмээх дүрийг нохойн дүртэй зэрэгцүүлэн бэлгэдэл маягаар үзүүлсэн. Гэрээсээ сүүлээ хавчин гарч буй нохой шиг дүр төрхөөр дамжуулж хүний мөс чанар, амьдралын үнэ цэнийг харуулахыг зорьсон.
Сургамж: Хүн бүхэн өөртөө эзэн байж, амьдралд өөрийн байх ёстой газраа, байх ёстой цагтаа байж гэмээнэ сая гэр бүл, ажил, нийгэм, улс орныхоо жинхэнэ эзэн нь байж чадна гэдгийг сануулсан агуулгатай.
БҮТ-ийн зүгээс зөвхөн уран зохиолын эхээр хязгаарлахгүй, цаашид шалгуулагчдын танин мэдэхүйг тэлэх зорилгоор шинжлэх ухаан, баримтат судалгаа, шинжилгээний бичвэрүүдийг сонгож ажиллахаа мэдэгдлээ. Харин зохион найруулан бичих даалгаврын хувьд "Миний сонгосон мэргэжил", "Миний мөрөөдөл" зэрэг сурагчдын хүсэл тэмүүллийг илэрхийлэх сэдвүүдийг түлхүү ашигласан байна.





