Өнгөрөгч Баасан гарагт /2026.04.10/ Ж.Баярмаа нарын 40 гишүүний санаачилсан Харбины гэрээг “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүд дэмжилгүй унагасан. Тэгвэл нүүрсний гэрээ, үнэ болон хил холболтын төмөр замын асуудлаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тайлбар өглөө. Тэрээр нүүрсний экспортын гэрээг нээлттэй болгох асуудалд улс төржихөөс илүүтэй улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг бодох хэрэгтэй гэсэн юм.
Гэрээг нууцалсан асуудал байхгүй, протоколтой явагддаг
Б.Дэлгэрсайхан сайдын хэлж буйгаар "Эрдэнэс Тавантолгой" болон БНХАУ-ын төрийн өмчит компаниудын хооронд хийгдсэн гэрээ нь авлига орох боломжгүй, хоёр улсын төрийн өмчит байгууллагуудын шууд хэлцэл юм байна. Тэрээр "Над руу гал ирээд байгаа ч би үнэнийг хэлэх ёстой. Тээврийн зардалд тонн тутамд 20 доллар төлж, манай 'Монголын төмөр зам' компани ашигтай ажиллаж байгаа" хэмээн онцлов.
Мөн гэрээний үнийн тухайд дэлхийн зах зээлийн ханшийг дагаж хэлбэлздэг уян хатан зохицуулалттай бөгөөд өмнөх жилүүдийнх шиг тогтмол бага үнээр борлуулаагүй гэдгийг тэрээр тодотголоо.
Нээлттэй сонсгол ба хил хаагдах эрсдэл
Нүүрсний гэрээг нээлттэй болгох, сонсгол зохион байгуулах асуудалд тэрээр болгоомжтой хандаж байна. Б.Дэлгэрсайхан: "Хоёр тал гэрээгээ ил болгохдоо харилцан зөвшөөрөл авах заалттай. Хэрэв бид нээлттэй сонсгол нэрээр бие биенээ гутаан доромжилж, урд хөршөө асуудалд татан оруулбал тэд хилээ хаах, нүүрс авахгүй байх эрсдэлтэй гэдгээ илэрхийлдэг" хэмээн мэдэгдэв.
Энэхүү нөхцөл байдал нь 2014 онд Чалкотой хийсэн гэрээг цуцалсны дараа нүүрсний үнэ эрс унаж байсан түүхэн сургамжийг давтаж магадгүйг сануулжээ.
Хил холболтын төмөр зам 2027 онд дуусна
Гашуунсухайт-Ганцмод болон бусад хил холболтын төмөр замын ажил эрчимтэй явагдаж байгаагмэдээллээ.
Ажлын явц: Энэ онд барилга угсралтын ажлыг 70-80 хувьд хүргэнэ.
Хугацаа: 2027 оны дөрөвдүгээр сар гэхэд хил холболтын төмөр замыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Тэрээр "Энэ зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт нэмэгдэж, тээврийн зардал буурна. Геополитикийн агшин зуурын энэ өсөлтийг ашиглан нүүрсээ хурдан гаргах нь Монгол Улсад ашигтай" гэв.
Б.Дэлгэрсайхан сайд ярилцлагынхаа төгсгөлд улстөрчдөд хандан ард түмний тархийг угааж, худал мэдээлэл тараахын оронд улс орныхоо эдийн засгийн ирээдүйг бодож шийдвэр гаргахыг уриаллаа.





