Ардчилсан намын ахмад улстөрч Э.Бат-Үүл өөрийн цахим хуудсаар дамжуулан улс төрийн нөхцөл байдал болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай ярианы талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралыг албан тушаалаас нь яаралтай чөлөөлөх шаардлагатай хэмээн уриалсан байна.
Э.Бат-Үүлийн мэдэгдэлд дурдсанаар, сонгууль угтуулан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөх бүрд улс төрийн намуудын дунд “шинэ МАНАН” буюу эрх ашгийн нэгдэл бий болдог хэмээн онцолжээ. Одоо өрнөж буй үйл явцыг тэрбээр дараах байдлаар тодорхойлсон байна:
Эрх мэдлийн шилжилт: МАН-ын дарга Н.Учрал Засгийн газрын тэргүүний эрх мэдлийг ашиглан, намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын чиглэлээр Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр зэхэж байна хэмээв.
Сонгогчдын эрх: Ерөнхийлөгчийг ард түмэн шууд сонгодог тогтолцоог халж, парламентаас сонгодог болгох нь ард түмний сонгох эрхийг хязгаарлаж, төрийн бүх эрх мэдлийг УИХ-ын олонх болсон намын даргын гарт төвлөрүүлэх эрсдэлтэй гэж Э.Бат-Үүл үзэж байна.
Тэрбээр уг өөрчлөлт хийгдвэл Унгар дахь Виктор Орбан болон Гүрж дэх Бидзина Иванишвили нарын жишгээр нэг намын даргын ноёрхол тогтож, улмаар У.Хүрэлсүхийг дахин эрх мэдэлд авчрах нөхцөл бүрдэнэ хэмээх Б.Жаргалсайханы өмнө нь дэвшүүлж байсан хардлага биеллээ олно хэмээн мэдэгджээ.
Э.Бат-Үүл энэхүү үйл явцыг зогсоохын тулд сөрөг хүчин болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж буй улстөрчдийг нэгдэхийг уриалсан байна. Тодруулбал, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, тус намаас нэр дэвшихээр яригдаж буй Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар болон бусад намаас нэр дэвших сонирхолтой С.Молор-Эрдэнэ, Б.Жаргалсайхан, Д.Ганболд нарыг үүний эсрэг зогсохыг сануулжээ.
Тэрбээр нэр дэвшигчдийг өөрсдийн дэмжигчдийн хамт талбайд гарч, сонгогчдынхоо эрхийг хамгаалахыг уриалсан бөгөөд 1992 оны Ардын Их Хурлын депутатууд нэг намын дарангуйллыг дахин тогтоохгүйн тулд Ерөнхийлөгчийг ард түмнээс шууд сонгодог байхаар Үндсэн хуульд тусгасан болохыг мэдэгдлийнхээ төгсгөлд онцолсон байна.


