"Талх биш, тэдний минь сэтгэл байсан юм"

Ц.Бадамдорж: Нийгэмд “хүн” л хэрэгтэй, тиймээс хүүхдүүддээ зөв хүн болоорой гэж захидаг

Цахим ертөнцөд нэгэн дулаахан бичлэг олны анхаарлыг татаж, хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөв. Талхандээр лаа асааж, багшдаа гэнэтийн бэлэг барьж буй сурагчдын чин сэтгэл бидний амьдралын хамгийн гэгээлэг бүхэн хүүхэд настай холбоотойг сануулах шиг. Энэ бичлэгийн эзэн, Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 11Б ангийн багш Ц.Бадамдоржтой ярилцлаа.

"Талх биш, тэдний минь сэтгэл байсан юм"

– Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Хэд дэх жилдээ багшилж байна вэ?

– Сайн байна уу. Намайг Ц.Бадамдорж гэдэг. Нийслэлийн 5 дугаар сургуулийн Зураг зүйн багш. Одоо 11Б ангийг дааж авсан, анги удирдсан багшаар ажиллаж байна. Энэ ангиа зургаадугаар ангиас нь авсан, одоо 39 сурагчтай. Миний хувьд боловсролын салбарт 26 дахь жилдээ ажиллаж байна. Энэ анги минь миний дааж авч буй тав дахь төгсөлт, магадгүй миний "отгон" анги болох байх даа гэж боддог юм.

– Цахим сүлжээнд тарсан тэрхүү бичлэгийн түүхийг хуваалцаач. Таны төрсөн өдрөөр болсон үйл явдал уу?

– Миний төрсөн өдөр 3 дугаар сарын 8-нд тохиодог юм. Энэ жил амралтын өдөр таарсан тул гэр бүлдээ цаг гаргаж, эхнэр, хоёр охиноо баярлуулаад өнгөрсөн. Даваа гарагт ажилдаа иртэл захирал дуудаж байна гэнэ. Өрөөнд нь ороход хүүхдүүд минь бичлэг хийгээд угтсан. Тэр үед би талхыг талх гэж хараагүй, миний хүүхдүүдийн чин сэтгэл л гэж харсан. Бичлэг дээр ангийн тал сурагч байхгүй байсан нь намайг ороход гэнэт бялуу бариад гараад ирэх төлөвлөгөөтэй байж л дээ. Миний хүүхдүүд үнэхээр хөөрхөн, цайлган.

– Та бэлгээ задлаад ихэд догдолж байгаа харагдсан...

– Тэгэлгүй яах вэ. Задлаад үзтэл миний хөрөг зургийг зурсан байсан. Багш нь залуудаа арай тарган байсан юм билээ (инээв). Мөн би уг нь хийжүүлсэн ундаа тэр бүр уудаггүй ч хүүхдүүд минь "Кола"-г цэцгийн баглаа шиг боож өгсөн нь их өхөөрдөм санагдсан. Тэр сэтгэлийг нь хүндэтгээд уучихсан шүү.


"Багш, сурагч хоёрын дунд хана байх ёсгүй"

– Та сурагчидтайгаа их дотно, найзууд шиг харилцдаг юм шиг санагдлаа?

– Багш, сурагч гэсэн харилцан хүндэтгэл мэдээж байх ёстой. Гэхдээ багш хүн үргэлж "дээрээс" харилцаад байвал бидний дунд хана үүсчихнэ. Тэр хананы хоёр талд зогсоод бид бие биеэ ойлгож чадахгүй. Би тэднийг сонсож, тэд намайг ойлгохын тулд бид хамгийн дотно найзууд байх ёстой. Гэхдээ үргэлж эрхлүүлнэ гэж үгүй. Чанга хатуу хандах үе ч бий. Сүхбаатар гуайн хэлсэн нэг үг байдаг даа, "Та гэрт нь эрхлүүлээд, би энд эрхлүүлээд байвал энэ хүн хаачих вэ" гэж. Би эцэг эхчүүдэд нь ч үүнийг хэлдэг.

– Зургадугаар ангиасаа таны гараар хүмүүжсэн хүүхдүүд одоо төгсөх дөхөж байна. Тэднийг харахад багш хүний хувьд юу бодогддог вэ?

– Багш мэргэжлийн хамгийн сайхан нь хүүхдийн цагаан сэтгэл. Нийгэмд болохгүй бүтэхгүй зүйл их, цахим орчин хар бараан мэдээллээр дүүрэн байхад сургуулийн орчин, ангидаа ороод ирэхэд л сэтгэл санаа сайхан болчихдог. Хүүхэд гэдэг тийм л гэгээлэг.

"Анх зургадугаар ангидаа орж ирэхэд ширээнийхээ цаанаас харагдахгүй шахам жаахан байсан хүүхдүүд минь өнөөдөр бүгд надаас өндөр болжээ. Нүдэн дээр минь өсөж, томоожоод, зөв хүн болж төлөвшиж байгааг харах нь багш хүний хамгийн том жаргал юм."

– Та хүүхдүүддээ юуг хамгийн их захидаг вэ?

– Би тэднийг заавал онц сурлагатан, улаан дипломтой хүн болоорой гэж шахахгүй. Харин "Миний хүүхдүүд энэ ангийн хаалгаар гараад амьдралд хөл тавихдаа зөв ХҮН болоорой" гэж л захидаг. Өнөөдөр манай нийгэмд боловсролтой хүнээс илүүтэй, мөн чанартай зөв хүн л хамгийн их үгүйлэгдэж байна шүү дээ.


Танд баярлалаа. Таны сурган хүмүүжүүлэх их үйлсэд амжилт хүсье.