Ц.Ганзориг: Ерөнхийлөгч өөртөө эрх мэдэл нэмэх бус, УИХ-ын гишүүдийн хариуцлагыг иргэдийн хяналтад оруулахыг зорьж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар тайлбар өглөө. Тэрээр нийгэмд болон парламентын түвшинд үүсээд буй зарим эргэлзээтэй асуултуудад дараах хариултыг өгсөн юм.
Ерөнхийлөгч өөртөө эрх мэдэл нэмэх гээгүй
Төрийн тэргүүний өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийн гол зорилго нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тэлэх бус, харин УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэхэд оршиж байгааг тэрээр онцлов. "Ерөнхийлөгч өөрөө санал гаргаад аль нэг гишүүнийг эгүүлэн татах тухай агуулга энэ хуульд огт байхгүй. Үндсэн хуулиар ч Төрийн тэргүүнд ийм эрх олгогдоогүй" гэдгийг Ц.Ганзориг тодотголоо.
Хуулийн төслийн гол агуулга нь гишүүдийг ажилдаа хариуцлагатай хандах, хуралдаа суух, ёс зүйтэй байх шаардлагыг л тавьж буй хэрэг юм. Хэрэв гишүүнийг эгүүлэн татах асуудал үүсвэл эцсийн шийдвэрийг 126 гишүүн өөрсдөө буюу парламент дотроо гаргахаар тусгагджээ. Энэ нь парламентын дархлааг хэвээр хадгалж байгаа хэлбэр юм.
Иргэн төвтэй хяналтын тогтолцоо
Шинэ хуулийн төслөөр "иргэн төвтэй" хяналтын механизмыг бүрдүүлж байна. Хэрэв УИХ-ын гишүүн өргөсөн тангарагаасаа няцаж, ёс зүйн алдаа гаргаж, хуралдаа суухгүй бол сонгогч иргэн өөрөө гомдол гаргах эрхтэй болно. Уг гомдлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо хянан хэлэлцэж, үндэслэлтэй гэж үзвэл чуулганы нээлттэй хуралдаанаар оруулна. Энэхүү үйл явц нээлттэй байх нь тухайн гишүүн улс төрийн золиос болох, хэлмэгдэхээс сэргийлэх хамгаалалт болох юм.
Ц.Ганзориг хэлэхдээ: "Сонгогчид зөвхөн дөрвөн жилд нэг удаа санал өгөөд орхих бус, сонгосон элч төлөөлөгчдөө бүрэн эрхийнх нь хугацаанд хяналт тавих боломжийг олгож байгаа юм. Энэ бол олон улсын жишиг" гэлээ.
Ёс зүйн хариуцлагыг чангатгах шаардлага
Өнөөдрийн мөрдөгдөж буй журмаар УИХ-ын гишүүн ёс зүйн алдаа гаргахад ердөө цалингийн 20 хувиар торгох төдийхөн хариуцлага хүлээдэг нь хангалтгүй байгааг тэрээр шүүмжлэв. Төрийн бусад 220 гаруй мянган албан хаагчид ажлаас халагдах хүртэл сахилгын арга хэмжээ авхуулдаг атал хууль тогтоогчид ийм хөнгөн хариуцлагатай байгаа нь хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж байна гэж үзэж байна.
Иргэд хуулийн төслийг дэмжиж байна
Ерөнхийлөгчийг орон нутагт ажиллах үеэр 7000 орчим иргэдтэй уулзахад тэд энэхүү хуулийн төслийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. "Энэ бол нийгмийн захиалга" хэмээн Ц.Ганзориг тодотгоод, Үндсэн хуулийн Цэц энэ үйл явцад санал санаачилга гаргаж оролцохгүй, бүх хяналт иргэдийн гарт очиж байгааг дахин санууллаа.
Тэрээр ярианыхаа төгсгөлд "Ямар нэгэн хуулийн төслийг Төрийн тэргүүнээс шахаж, тулгасан зүйл байхгүй. Хэлэлцүүлэг өрнүүлж, засаж сайжруулаад явах ёстой" хэмээн байр сууриа илэрхийлэв.





