• Нүүр
  • Мэдээний өрөө
  • "World Press Photo of the Year” шагналыг Газагын дайнд өртсөн хүүгийн зураг хүртлээ

"World Press Photo of the Year” шагналыг Газагын дайнд өртсөн хүүгийн зураг хүртлээ

2025 оны “World Press Photo of the Year” шагналыг Палестин гэрэл зурагчин Самар Абу Элууф хүртжээ. Нью-Йорк Таймс сонинд зориулан авсан энэхүү зураг нь Израилийн агаарын довтолгооны улмаас хоёр гараа алдсан 9 настай Газын хүү Махмуд Ажжурын хөрөг юм.

Тус зураг нь 2024 оны 3-р сард Газа хотод болсон бөмбөгдөлтийн дараахан авсан бөгөөд дайны улмаас хүүхдүүд хэрхэн нэрвэгдэж байгааг харуулсан эмгэнэлтэй, сэтгэл эмзэглүүлэм дүрслэл хэмээн үнэлэгдсэн байна.

Тус тэмцээнд оролцсон 141 орны 3,778 гэрэл зурагчнаас ирүүлсэн нийт 59,320 бүтээл дундаас шалгарсан шилдэг бүтээлүүдийн нэг нь АНУ-Мексикийн хилийн амьдралыг дүрсэлсэн зураг бөгөөд цагаачлалын бодит байдлыг хөндсөн байна.

Мөн нэгэн шагналт зурагт хуурайшлын улмаас завиар хүрэх боломжгүй болсон Амазоны Манкапуру тосгонд ээждээ хоол хүргэж яваа залуугийн дүр багтжээ. Байгаль цаг уурын өөрчлөлт хүн амд хэрхэн нөлөөлж буйг илэрхийлсэн бүтээл хэмээн үнэлэгджээ.

2025 оны "World Press Photo" үзэсгэлэн Их Британийн Лондон хотод 5-р сарын 23-наас 8-р сарын 25-ны хооронд зохион байгуулагдана.