Ромын Пап лам Францис Ватиканд таалал төгслөө

Ромын Пап лам Францис дөрөвдүгээр сарын 21-ний өглөө, 88 насандаа Ватиканы Каса Санта Марта өргөөндөө таалал төгслөө хэмээн тус улсын тамгын газраас мэдээллээ.

Ватиканы Кардинал Кевин Фаррел “Өглөөний 07:35 цагт Ромын хамба, Францис тэнгэрт буцан одлоо. Тэрээр бүх амьдралаа Эзэн болон Сүмийн үйл хэрэгт зориулсан үнэнч шавь байсан” хэмээн дурджээ.

Кардиналын хэлснээр Пап Францис хүн бүрд, ялангуяа ядарч зүдэрсэн, гадуурхагдсан хүмүүст хайр энэрлийг түгээж, үйл хэргээ хэрэгжүүлсээр ирсэн нэгэн байжээ. Түүнийг Христийн жинхэнэ үр хүүхэд, шавь байсан хэмээн хүндэтгэн, түүний сүнсийг Бурханы хязгааргүй энэрэл, хайрт даатгаж байна гэж Ватиканы удирдлагууд илэрхийлсэн байна.

Пап Францис нь Аргентин улсаас сонгогдсон анхны Пап лам бөгөөд Католик сүмийн түүхэнд шинэчлэл, энэрэл, хүнлэг чанарыг чухалчилсан удирдагч байсан юм.