Япон улс ажлын 4 өдөртэй болох санаачилгаа хэрэгжүүлж эхэллээ

Японы төр, засаг хүн амын бууралттай тэмцэхээр шинэ алхмууд авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ. Токио хотын захиргаанаас гаргасан шийдвэрээр 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэн төрийн албан хаагчид дөрөв хоног ажиллана. Энэхүү шийдвэр нь иргэдийн ажил амьдралын тэнцвэрийг хангах зорилготой бөгөөд гурван өдрийн амралттай долоо хоногийг ч мөн санал болгож байна.

Түүнчлэн бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүд ажиллах цагаа өдөрт хоёр цаг хүртэл багасгах сонголттой болжээ. Ингэснээр цалингийн хувь хэмжээ зохих хэмжээгээр буурах ч гэсэн гэр бүл, хүүхдийн хүмүүжилд анхаарах цаг хугацаа, боломж үүснэ гэж үзэж байна.

2023 онд Японы төрөлтийн түвшин түүхэн доод хэмжээнд хүрч 1.2 болж унасан

Төр засаг төрөлт нэмэгдүүлэх зорилгоор:

  • Хүүхэд асрах үйлчилгээ сайжруулах,
  • Өндгөн эс хөлдөөлтийн бодлого дэмжих,
  • Хосууд танилцах төрийн аппликэйшн хүртэл гаргасан.

Гэсэн ч судлаачид, шинжээчид эдгээр алхмуудын үр дүнг хангалттай байлгахын тулд ажлын байрны соёл, хүйсийн үүрэг хариуцлагын тэнцвэргүй байдал зэрэг гүн суурьтай нийгмийн асуудлуудыг давхар шийдэх шаардлагатай гэдгийг онцолж байна.