Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд, “Чингис хаан” Олон Улсын нисэх буудлын орчим Хөшигийн хөндийд, Богд уулын өвөрт байгуулагдах Хүннү хотын суурь дэд бүтцийн ажлууд үргэлжилж байгаа аж.
Тус хотод 150 мянган оршин суугч төвлөрч, 80 мянган ажлын байр бий болох бөгөөд “Aerocity” хөгжлийн бүсэд эдийн засгийн чөлөөт бүс, амралт, аялал жуулчлалын бүс, олон нийт худалдаа үйлчилгээний бүс, засаг захиргааны бүс, оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор, зах, худалдаа, бөөний төвийн бүс, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго бүс, аж ахуйн нөөц бүсийг төлөвлөжээ. Энэ жилийн Нийслэлийн төсөвт Хүннү хотын Захирагчийн ажлын албанд 4.2 тэрбум төгрөг төсөвлөхөөр тусгаад байгаа юм.
Одоогийн байдлаар Хүннү хотын бусад дэд бүтцийн төслийн явц:
- Төмөр замын бүтээн байгуулалт 100 хувь дуусаж, төмөр замын тээвэр эхэлж, туршилтын ажил үргэлжилж байна.
- Мэдээлэл холбооны 41.5 км урт худаг, сувагчлал бүхий шилэн кабелийн сүлжээний ажил 100 хувь дуусаж, улсын комисс хүлээн авсан.
- Цахилгаан хангамжийн 35/10 кВ-ын “Хөндий” дэд станцын ажил 100 хувь дуусаж, улсын комисс хүлээн авсан.
- Үерийн хамгаалалтын нэгдүгээр далан сувгийн ажил 100 хувь дуусаж, улсын комисс хүлээн авсан.
- Цахилгаан хангамжийн 110/35/10 кВ-ын “Аэросити” дэд станцын бүтээн байгуулалт 80 хувь,
- Дулааны эх үүсвэрийн “Хүннү эко дулаан-2” 5 МВт-ын хосолмол эх үүсвэртэй дулааны станц 40 хувь,
- Ус хангамжийн хоногт 2000 шоо метр хүчин чадалтай усан сан, шугам сүлжээний ажил 85 хувь,
- Ариутгах татуургын хоногт 3000 шоо метр хүчин чадалтай цэвэрлэх байгууламж 50 хувьтай хэрэгжиж байгаа аж.


