Ц.Баатар, Б.Бадамсүрэн Дундговь аймгийн төвд тохилог дулаахан амьдарч байна. Тэд халуун, хүйтэн усны асуудлаа шийдсэнээр гал түлж, усанд явахгүйгээр хашаандаа сайхан амьдарч байгаа юм.
Ц.Баатар, Б.Бадамсүрэн улсад 30 гаран жил ажиллаад, тэтгэвэртээ гарсан ч нэг ч өдрийг зүгээр сууж өнгөрүүлэлгүйгээр өрхийн үйлдвэрлэл эрхлэн амьдардаг. Ялангуяа малын түүхий эд хог болон хаягддаг болсон энэ цаг үед тэрхүү хог гээд хаясан зүйлсийг ашиглан, бусдад дахин ашиглаж болохуйц бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг. Орон нутагтаа бяцхан бизнес эрхлэн ийнхүү амьдрахын хажуугаар өөрсдөө ч гэсэн ус, халуунаа бүрэн шийдсэн тохилог сууцанд амьдрах зорилго тээн байшингаа бариулснаар, өнөөдөр аймгийн төвд халуун, дулаан тохитой байшинд аж төрж байна.
Анх 2024 оны намар Дорнод аймгийн Халхгол сумаас ирсэн барилгын компанийнхантай уулзан, байшингаа бариулахаар шийджээ. Хашаандаа худагтай учраас цэвэр усаа байшин руугаа татаж, ариун цэвэр, угаалгын өрөөгөө байшиндаа бүрэн шийдэж өгч, халаалтаа ч гэсэн шалны халаалтаар шийдэж чаджээ.
Ц.Баатар, Б.Бадамсүрэн гуайн хувьд гал түлэхгүй болсноор амьдрах орчин нөхцөл нь сайжирч, үнс тоос бужигнахгүй амьдрахад аятай, тухтай байдаг гэдгийг хэллээ. Мөн байшингаа анх бариулахдаа л дулаан алдагдалгүй байхаар тооцож бариулсан тул өглөөний 9 цагаас эхлэн тогоо унтраан оройны 18 цагийн үед л тогоо асаан цаг орчмын хугацаанд гэрээ халаадаг, өдрийн дулаанд тогны халаалтаа залгах ч шаардлага гардаггүй байна.
Б.Бадамсүрэн гуайн хувьд хөдөө орон нутагт хүн аятай тухтай амьдрахын тулд заавал орон сууц гэлгүйгээр ийнхүү хашаандаа тохилог сайхан байшин барьж амьдрах боломж бүрэн байгааг хэллээ. Мөн хүүхдүүд, ач зээ нар ч гэсэн хашаа байшинд нь ирээд зам руу гараад гүйчихнэ, машин тэрэг гэх мэт эрсдэлгүй тайван амгалан байдаг гэдгийг онцолсон юм. Тогны халаалтаар байшингийнхаа дулааны асуудлыг шийдэхэд цахилгааны төлбөр өндөр гардаг хэдий ч шөнийн хөнгөлөлтийн тариф хамгийн их нэмэр болдог байна. Энэ гэр бүл өнгөрсөн хугацаанд өвлийн хамгийн хүйтэн байсан үед цахилгааны сарын төлбөр нь 500 гаран мянган төгрөг гарч байсан бол одоо тогтмол 100 гаран мянган төгрөгийг төлдөг.
Ц.Баатар, Б.Бадамсүрэн тэтгэвэрт гарсан учраас ийнхүү тохилог дулаан байшингаа бариад, цахилгаан усны асуудлаа бүрэн шийдсэн байшиндаа амьдарч эхэлснээр нүүрс, түлээгээ татах усандаа явах гэх мэт асуудалгүй бол сэтгэл өег тухтай сайхан амьдарч байна.





