• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Оюу толгой нэг тонн хүдэр боловсруулахдаа дэлхийн дунджаас гурав дахин бага ус ашиглаж байна

Оюу толгой нэг тонн хүдэр боловсруулахдаа дэлхийн дунджаас гурав дахин бага ус ашиглаж байна

Оюу толгой” компани 2025 оны III улирлын тайлан мэдээгээ танилцуулжээ. Энэ улиралд нийт 587 тэрбум төгрөг, 2025 он гарснаас хойш өнөөг хүртэл нийт 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ.  2010 оноос хойш нийт 13.7 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлөөд байна.

Энэ улиралд нийт 736 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 553 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 90 хувийг буюу 1.41 их наяд төгрөгийн худалдан авалтыг эдгээр дотоодын компаниудаас авчээ. 2010 оноос хойш дотоодын худалдан авалтад 37.4 их наяд төгрөг зарцуулсан байна.

Нэг тонн хүдэр боловсруулахдаа нөхөн сэлбэлтээр дунджаар 0.44 м3 буюу дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байна. Боловсролын чиглэлд хийсэн ажлуудаас нь онцолбол:
 
·    “Оюу толгой" компанийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сан (ГОХДС) 2025-2026 оны хичээлийн жилд “Говийн оюу” оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 133 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.

ГОХДС нь 2016 оноос хойш 10 дахь жилдээ уг тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийт 763 оюутанд 2 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Тэтгэлэг хүртэгчид нь Өмнөговь аймагт эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр амжилттай суралцаж буй оюутан залуус бөгөөд нийт төгсөгчдийн 85 хувь нь орон нутагтаа эргэн очиж мэргэжлээрээ ажиллан Өмнөговь аймгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна. “Говийн оюу” тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу


·    “Оюу толгой” компанийн санхүүжилтээр 6 дахь жилдээ хэрэгжиж буй “Гэрэлт” төсөл нь өсвөр үеийнхний сэтгэл зүйн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд эерэг өөрчлөлтийг бий болгох зорилготой. 2025-2026 оны хичээлийн жилд Баянзүрх дүүргийн 14, 69, 120, 147 дугаар ерөнхий боловсролын сургуулиуд энэхүү хөтөлбөрт хамрагдаж байна.  “Гэрэлт” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 6 жилийн хугацаанд 25 сургуульд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх “ногоон өрөө”-г байгуулж 56,000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчийг сэтгэл зүйн болон нөхөн үржихүйн зөвлөгөө, сургалтад хамруулаад байна. “Оюу толгой” компани өсвөр үеийнхний ирээдүйг илүү гэгээлэг болгоход бодит хувь нэмэр оруулан “Гэрэлт” төслийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор нийт 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. “Гэрэлт” төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу