Нийслэл Энэ оны эхний 9 сарын байдлаар 15 байршилд 58,2 км явган хүний замын хавтанг байгалийн боржин чулуугаар солих ажлыг хийж хэрэгжүүлжээ. Иргэдийн зүгээс эвдрэл гэмтэлгүй замыг жил болгон солидогт шүүмжлэлтэй байгаа. Тэгвэл хуучин явган замын хавтанг хуулаад хэрхэж байгаа асуудлын мөрөөр тодруулсан юм. Дүүрэг бүрт энэ ажлыг хийж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн хувьд хуучин хавтанг авч гэр хороололд ашигласан гэх хариуг өгсөн. Энэ хүрээнд ЧД-ийн 20-р хорооны Засаг даргатай холбогдлоо. Тэд Баянбүрдийн тойргоос гарсан явган замын хуучин хавтанг гэр хорооллын гудманд ашигласан нь энэ.
Баянхошуу орчим буюу ЧД-ийн 20-р хороо 1500 өрх, 5400 иргэнтэй. Тухайн иргэдийн нэг бол Д.Мөнхзаяа. Тус хороонд оршин суугаад 20 орчим жил болж байна. Бага насны хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд зөөхөөс гадна тэрээр энэ замаар өдөр бүр ажил руугаа явдаг ажээ.
Д.Мөнхзаяа: “Хааяа бас нэг арга хэмжээнд орох хэрэг гарна. Өнөөдөр ажлын шаардлагаар өндөр өсгийттэй явж байна. Өсгийтэй гутал гоё шүү дээ. Цэгцтэй хийморьтой болдог. Би бол өндөр өсгийтэй гутал өмсөхөөрөө илүү өөртөө итгэлтэй, золбоолог, гоё мэдрэмж авдаг. Өмнө нь энэ зам дээр өсгийттэй явах хэцүү байсан. Өсгий газар зоогдоод л, бороо орсны дараа шавар шавхай болоод эвгүй байдаг байсан. Одоо сайхан зам хийсэнд баяртай байна. Аятайхан гутал, хувцас өмсөөд явахад таатай сайхан байна. Хамгийн гол нь үерийн ус төв замаас яг энэ хэсэгт урсаад ороод ирдэг учраас энэ зам эвдрэл ихтэй байсан. Тэгэхээр энэ зам иргэн бүрт, хүн бүхэнд, хүүхэд, хөгшин, залуу гэлтгүй бүх хүнд таатай нөхцөл бүрдэж байна гэж харж байна” хэмээв.
Гэр хорооллын гудамжаар өндөр өсгийт өмссөн хүн ховор. Их хотын замын эвдрэл гэмтлээс шалтгаалаад бүсгүйчүүд хотын төвийн зарим хэсгээр өндөр өсгийттэй зорчиход хүндрэлтэй байдаг. Харин гэр хорооллын алслагдмал бүсэд Д.Мөнхзаяа өөрийн хүссэн үедээ өндөр өсгийтөө өмсөөд гудамжаар саадгүй зорчих боломж бүрджээ.

Энэ замаар байнга зорчдог оршин суугчдын нэг бол Г.Ганчимэг. Тэрээр тус хорооны ахмад настан бөгөөд энд 30 жил амьдарч байна
Г.Ганчимэг: “Урьд нь бол энэ замаар явахад хүндрэлтэй. Настай хүн, хүүхэд явахад халтирч унаснаас үүдээд гар хөлөө гэмтээх тохиолдол цөөнгүй гарч байсан. Манай гэр бүлийнхэн байнга энэ замаар зорчдог. Би ач гуч нараа өдөр бүр энэ замаар дагуулж явж сургууль, цэцэрлэгт нь зөөдөг. Энэ замаар явахад автобусны буудал маань хүртэл ойрхон. Хороо маань ч ойрхон байдаг” гэв.

ЧД-ийн 20-р хорооны Засаг Дарга З.Очирбат: “Хорооны зүгээс дүүрэгтээ хүсэлт тавьснаар тэд хотын төвд хуулагдсан явган замын хавтанг захиалж авсан нь энэ. Тэд шинэхэн явган хүний замтай болоод ердөө 20 хонож байна. Энэ байршил албан ёсны явган хүний зам биш ч үйлчилгээний газрууддаа ойрхон учир иргэд дөтийг нь бодож их зорчдог байсан. Одоо иргэдийнхээ аюулгүй байдалд санаа зовох асуудал багаслаа” гэв.


Энэхүү байршлаас гадна Чингэлтэй дүүргийн 7, 9, 20, 21 дүгээр хороодод хотын төвийн зам засвараас гарсан эвдрэл гэмтэлгүй хавтангуудаар явган зам талбай, шат хийж гүйцэтгэжээ. Ингэхдээ тухайн хорооны ажилтан, албан хаагч, хэсгийн ахлагч нараас явган хүн зорчиход хүндрэл бэрхшээл ихтэй хэсгүүдийн судалгааг авч нэн шаардлагатай байршлаас эхлэн тохижуулсан байна. Тухайлбал, 9 дүгээр хорооны Дэнж 28-р гудамжинд явган замын эвдрэлтэй хэсгийг нөхөж засварласан.

20 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны 12-155 тоот орчмын хувьд үерийн ус их урсдаг гудамжийг сонгон шороогоор тэгшилж, нягтаршуулан, 48 м² талбайд явган хүний зам шинээр хийсэн.
Мөн 21 дүгээр хорооны зорчиход хүндрэлтэй, сул шороо, өгсүүр, уруу ихтэй байршлууд буюу Булгийн 19, 20 дугаар гудамжуудын гурван байршилд явган зам, шат хийж тохижуулсан байна.



Цаашдаа Чингэлтэй дүүргийн гэр хорооллын бүсийн 7-оос 24 дүгээр хороодоос гаргасан нэн шаардлагатай явган замын судалгаан дээр үндэслэн хуучин явган замын хавтангаар тус ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөжээ.
Бид хандлагаа, харах өнцгөө өөрчилж чадвал сайхан хотыг хамтдаа бүтээж, хамтдаа хөгжиж чадна гэдэг итгэлийг энэ бичил нийтлэлээрээ дамжуулж хүргэхийг зорилоо.
Сэтгүүлч: О.Болор-Эрдэнэ






