Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Тосонцэнгэл сумын Мэргэжлийн анги, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 09.24-ний өдөр иргэн Э (46 настай эмэгтэй)-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Эрлийн багт нэмэлтээр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид, хоёр эрэлч нохой, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Түүнчлэн тус суманд сураггүй алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа мөн үргэлжилж байна. Хүүгийн эрэлд ОБГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Л.Бямбасүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Тариалан сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн үүрэг гүйцэтгэж байна. Сайхан мод гэдэг газраас 5км зайд явганаар самналт хийхээр эрлийн ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна гэж эрлийн Шуурхай штабаас мэдээллээ.
Самар түүж яваад алга болсон эмэгтэй болон сураггүй алга болсон хүү аль аль нь Хөвсгөл аймгийн Тариаланд суманд алга болоод байгаа юм.







