Ардчиллын 25 жилийн түүхэнд 1995 онд томоохон ажил хаялт болж байсан нь багш нарын гэх тодотголтой ажил хаялт юм. Өдгөөгөөс 20 жилийн өмнө буюу 1995 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр 84 дүгээр сургуулийн нийт багш нар ажил хаяснаар орон даяар энэхүү ажил хаялт эхэлж байсан түүхтэй ажээ.
Тухайн үеийн ажил хаялтад 100 гаруй сургууль, 160 цэцэрлэгийн 6000 багш Сүхбаатарын талбайд суулт хийж, 143 хоногийн турш ажил хаялт үргэлжилж байжээ. Тухайн үед ажил хаясан багш нар төр засгаас "Монголын багш нарын амьдрал туйлдаа хүрч, багш нар ганзагын наймаанд гарч, олон хүүхэд сургуулиас хоцрогдож, хөндийрсөн энэ байдал удаан үргэлжлэх боломжгүй юм. Тиймээс багш нарын цалинг 40 хувиар нэмэх, анги удирдсан, дэвтэр зассан, кабинет хариуцсан, ур чадварын мөнгийг цалин дээр олгож байх"-ыг шаардаж байсан гэнэ. Ингээд ажил хаялт нийт 143 хоног буюу дөрвөн сар 23 хоног үргэлжилсний эцэст Засгийн газар багш нарын тавьсан болзлыг хүлээн зөвшөөрч байжээ.






