• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Ч.Балжинням, Е.Мейрбан Шүүх хурлын шууд дамжуулалтыг хариуцан ажилладаг

Ч.Балжинням, Е.Мейрбан Шүүх хурлын шууд дамжуулалтыг хариуцан ажилладаг

Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад хэргийн шүүх хуралдааныг шууд дамжуулж эхэлсэн. Тухайн шууд дамжуулалтын ард IT инженер залуус ажлынхаа хажуугаар  иргэдэд ил тод нээлттэй мэдээлэл өгөхөөр ажилладаг. Тэдний төлөөлөл болох Ч.Балжинням болон Е.Мейрбаныг онцолж байна.

Ч.Балжинням Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газарт IT инженерээр ажилладаг. Түүний хувьд хийж байгаа бүх ажилдаа хариулагатай хандан ажилладаг. Тийм ч учраас хийж байгаа ажилдаа бүрэн сэтгэл хангалуун байдаг гэлээ.

Е.Мейрбан мөн тус шүүхийн IT инженерээр ажилладаг. Тухайн ажиллаж байгаа өдөр нь олон нийтийн шууд дамжуулан хүргэх ёстой шүүх хурал байгаа үед, түүнийг ямар нэгэн алдаа дутагдал, асуудалгүйгээр явуулж дуусахад хамгийн сайхан байдаг байна. Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн анхан шатны тойргийн шүүх 2023 онд бүрэн цахим байдалд шилжсэн, шууд дамжуулалт хийх боломжоор хангагдан, тоноглогдсон шүүх хурлын танхимтай болсон. Өрөөнд болж байгаа үйл явцыг бүрэн харуулах боломжтой хоёр камерийг суурилуулсан бөгөөд тухайн хоёр камерыг удирдлагаар удирдан чиглүүлэн ажилладаг.

Е.Мейрбан, Ч.Балжинням хоёрын хувьд ийнхүү шүүх хурлын үйл явцыг шууд дамжуулахаас гадна, шүүх хурал болж байгаа танхим дахь үйл явцыг компьютерээр хянан, тухайн танхим руу шууд холбогдох ч боломж байдаг. Тэд өдөрт шүүх хурлын 1-2 шууд дамжуулалт, 7 хоногт 10-15 удаагийн шууд дамжуулалтыг хариуцан хийдэг байна.

Ч.Балжиннямын хувьд ногоон автобусны гэх хэргийн шүүх хурал олон нийтийн анхааралд байсан тулд алдаа дутагдал гаргахгүйг хичээн ажилласан гэдгийг хэллээ. Хэргийн 100 гаруй оролцогч байсан, 3 сар гаруйн хугацаанд үргэлжилсэн шүүх хурал болсон байна. Тус шүүхийн зүгээс энэ хугацаанд тасралтгүйгээр ажилласан байна.

Тэдний хувьд шүүх хурал болохоос өмнө нарийн бичгийн даргатай холбогддог. Шүүх бүрэлдэхүүн бүрэн орж ирсний дараа нарийн бичгийн дарга шүүх хуралдааны бичлэгийг эхлүүлдэг байна. 

Иргэдийн мэдэх эрхийг хангаж ажиллаж байгаа Ч.Балжинням, Е.Мейрбаны хувьд ямар ч хэргийн шүүх хурлын үйл явцыг шууд дамжуулахдаа техникийн алдаа гаргахгүй, шууд дамжуулалтыг дуу дүрсний өндөр чанартайгаар хүргэхийг хичээдэг. Гэсэн ч Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн анхан шатны тойргийн шүүхэд ашигладаг шууд дамжуулалтын төхөөрөмжийг 12 жил ашиглаж байгаагаас эвдрэл гэмтэл, элэгдлээс шалтгаалах алдаа дутагдал гарах асуудал үүсдэг байна. Мөн шүүх танхимын хүрэлцээ зэрэг нь шүүх байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд хамгийн их хүндрэл дагуулж байгаа юм. Гэсэн ч Ч.Балжинням, Е.Мейрбаны хувьд эвдрэл гэмтэлтэй гэлгүйгээр тухайн төхөөрөмжүүдийг засаж сэлбэн ашиглан шүүх хурлын үйл явцыг олон нийтэд шууд дамжуулан, мэдэх эрхийг ханган ажиллаж байгаа юм.