Ж.Тунгаамаа архины дам хамааралтай байжээ. Түүний нөхөр архины хамааралтай байсан бөгөөд нөхрийгөө архинаас гаргахын тулд яваагүй газар байгаагүй. Харин 2016 онд СЭМҮТ-д “Өөртөө туслах бүлэг”-т элссэнээр нөхөр нь архинаас бүрэн гарсан. Мөн өөрөө ч тус бүлэгт элсэж, архины хамаарлаас ангижирчээ. Тэд мөн 5 гэр бүлийг архины хамаарлаас гарахад нь тусалсан байна.
Ж.Тунгаамаа энэ хугацаанаас хойш нөхрийнхөө төрсөн өдрөөр хүүхдүүдийнхээ хөөр баяртай, жаргалтай байгааг харах болсноос гадна 10 жилийн хугацаанд цагаан сарынхаа баярыг архитай биш сүү өргөн тэмдэглэж иржээ. Түүний хувьд архины давхар хамааралтай байсан бөгөөд 20 гаран жил ийм амьдралаар амьдарсан учраас маш их уур уцаар, бухимдалтай байсан гэдгийг хэллээ.
Түүний хувьд архигүй гэр бүлд л хайр, аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайхан гэх зүйлс бүгд байдаг юм байна гэдгийг сүүлийн 10 жилийн хугацаанд мэдрэн амьдарч байна. Өмнө нь цагаан сарын баяр болоход архи л байхгүй бол нөхрийнх нь сэтгэл ханадаггүй, хүн гар цайлган мөнгө өгөхөд түүнийг нь тоодоггүй “надаас архи харамлалаа” гэж боддог харин архи өгсөн хүнд баярлан, сэтгэл ханан түүнийгээ хэдэн өдрөөр ч уудаг байсан байна. Үүнээс шалтгаалан нөхөр нь архины хамааралтай байх үед баяр ёслолын сайхныг огт мэдэрдэггүй байсан гэж Ж.Тунгаамаа хэлсэн юм.
Ж.Тунгаамаа архи уусан хүнд баяр баясал, сайхан гэх зүйлс юу ч байдаггүй, тэр бүгдийг архитай хамт залгичихсан байдаг. Хүн архийг ходоодоороо уудаг гэж боддог ч яг үнэндээ тархиараа ууж, түүгээрээ удирдуулан амьдардаг гэдгийг “Өөртөө туслах бүлэг”-т элсэж байж ойлгосон байна.
20 гаран жил архины хамааралтай амьдарсан нөхрөө энэ замаас гаргахын тулд Ж.Тунгаамаа түүнд хоёр сонголт байгааг хэлжээ. Нэгдүгээрт архинаас гарах, эсвэл гэр бүлээ цуцлуулах гэж хэлсэн бөгөөд үүнийг сонссон нөхөр нь гурав хоногийн дараа архинаас гарна гэдгээ хэлснээр энэ гэр бүл СЭМҮТ дэх “Өөртөө туслах бүлэг”-т 21 хоногийн сургалтанд хамрагджээ. Сургалтын эхний өдөр эмч нь Ж.Тунгаамаатай уулзан, 7 хоногийн турш нөхрөө сургалтанд хүргэж ирэх хэрэгтэй гэж хэлэхэд тэрбээр “Энэ хүн өөрөө архинаас гарна гэж шийдсэн учраас би хүргэж ирэхгүй, өөрөө л явах ёстой” гэсний дагуу нөхөр нь 21 хоногийн сургалтандаа бүрэн хамрагджээ. Сургалтын хугацаанд нөхрийн төрсөн өдөр мөн тохиож байжээ. Төрсөн өдрөөр нь үр хүүхэд, ач зээ нар нь цуглан аав минь архинаас гарч байна гээд бялууг нь авчиран, малгайг нь өмсгөөд, ач зээ нар нь төрсөн өдрийн дууг нь дуулж өгөөд тэмдэглэжээ. Тэр үед нөхөр нь “би олон жил төрсөн өдрөө тэмдэглэхдээ архитай л тэмдэглэж байсан, архигүй тэмдэглэх ийм гоё байдаг юм уу? Гээд уйлж байсан байна.
Ж.Тунгаамаа өнгөрсөн жилүүдэд нөхрийгөө архинаас гаргах гэж яваагүй газар, очоогүй хүнгүй. Лам, бөө, архинаас гаргадаг эмнэлэг, сургалт гэх мэтээр явсан ч үр дүн гараагүй байна. Хамгийн сүүлийн найдлага гэж бодон СЭМҮТ-ийн бүлэгт элссэн байна.
Одоо гэрт нь архины хундага байхгүй болсон гэдгийг Ж.Тунгаамаа хэллээ. Цагаан сар, баяр ёслол төрсөн өдөр гэх мэт бүхий л баяраар сүү өргөдөг бөгөөд хамгийн сүүлд л гэхэд нөхрийнх нь төрсөн өдрөөр ач, зээ нар нь цаасан аяга бариад сүүгээ өргөнө гээд зогсож байжээ. Энэ сайхан нөлөөгөөр 6 ач, зээ нь ирээдүйд архи хундагалахгүй, сүү өргөдөг болох байх гэж бодож байгаагаа тэрбээр хэллээ.
Нөхөр нь архинаас гарсан сүүлийн 10 жилийн хугацаанд Ж.Тунгаамаа дахин 5 ач, зээтэй болж, хашаа байшинд амьдардаг байсан бол байранд орж, зуслангийн газар авч байшин барин сайхан амьдарч байна. Архины хамааралтай хүнгүй болсон энэ гэр бүл өнөөдөр элэг бүтэн, аз жаргалтай байж, эрч хүч хамгийн сайхан бүхнийг эдлэн амьдарч байна.





