• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Цонх цантсаныг арилгах үед араас нь мөргөж автобусны туслах жолооч амиа алджээ

Цонх цантсаныг арилгах үед араас нь мөргөж автобусны туслах жолооч амиа алджээ

        11-р сарын 6-ны өдөр буюу өнгөрсөн Пүрэв гарагт УБ-аас Баян-Өлгий аймаг руу зорчиж явсан орон нутгийн зорчигч тээврийн автобус цас орсны улмаас цонх нь цантаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул зогсчээ. Улмаар тус автобусны туслах жолооч бууж, цонхны цанг арилгаж байх үед араас нь УБ-аас Ховд аймаг руу явж байсан орон нутгийн зорчигч тээврийн автобус мөргөж, тухайн туслах жолооч амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тус үйл явдал Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт болжээ.

     Тухайн өдөр орон нутгийн замд 30 гаруй осол бүртгэгджээ. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Дарьганга суманд авто замын халтиргаанаас үүдэн угталт, үдэлтийн хаалгыг том оврын тээврийн хэрэгсэл мөргөсөн осол мөн гарчээ.

    Жолооч нар ихэвчлэн өвлийн дугуйгаа солиогүй, хальтиргаатай замд хурдаа тохируулахгүй явснаас үүдэн зам тээврийн осол гарч байна. Орон нутгийн замд цас ихээр орж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа их байгаа энэ үед жолооч иргэд та бүхнийг аюулгүй байдлаа хангаж, хурдаа тохируулж, аюулгүй байдлаа хангаж зорчихыг анхааруулж байна.