Өнөөдөр бидний амьдралыг ухаалаг утас, компьютер, таблетгүйгээр төсөөлөх аргагүй болсон. Гэвч эдгээр төхөөрөмжөөс ялгардаг HEV (High-Energy Visible) light буюу цэнхэр гэрэл нь бидний нүдийг ядраагаад зогсохгүй, арьсанд маань "чимээгүй" аюул тарьж байгааг та мэдэх үү?
Хэдийгээр цэнхэр гэрэл нь нарны хэт ягаан туяа (UV) шиг арьсыг шууд түлж, хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлгүй ч урт хугацаандаа арьсны эрүүл мэнд, гоо сайханд дараах сөрөг нөлөөг үзүүлдэг байна.
1. Арьсны хөгшрөлтийг хурдасгагч
Цэнхэр гэрэл нь нарны туяанаас илүү гүн буюу арьсны дермис давхаргад нэвтрэх чадвартай. Энэ нь арьсны уян хатан байдлыг хариуцдаг коллаген болон эластин уургийг задалдаг чөлөөт радикалуудыг үүсгэдэг байна. Үүний үр дүнд:
• Арьс эрт унжих, уян хатан чанараа алдах.
• Нарийн үрчлээсүүд эрт тогтох.
• Арьсны байгалийн өнгө бүдгэрч, цонхийх зэрэг өөрчлөлтүүд гардаг.
2. Пигментаци ба Нөсөө толбо
Судалгаагаар цэнхэр гэрэл нь арьсны меланин пигментийг идэвхжүүлж, нөсөөжилтийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Ялангуяа мелазма (сэвх, нөсөө)-д өртөмтгий хүмүүсийн хувьд толбо нь улам бараан болж, арилгахад түвэгтэй болдог байна. Энэ нь арьсны өнгийг жигд бус болгох гол шалтгаануудын нэг юм.
3. Хамгаалалтын давхаргын сулрал
Дэлгэцийн өмнө удаан суух нь арьсны байгалийн чийгшлийг алдагдуулж, хамгаалалтын бүрхүүлийг гэмтээдэг. Үүнээс үүдэн арьс илүү мэдрэмтгий болж, амархан хуурайших, цочрох хандлагатай болдог.
4. Шөнийн нөхөн төлжилт саатах
Унтахаас өмнө утас үзэх нь нойрны гормон болох мелатонин-ы ялгарлыг саатуулдаг. Арьс нь шөнийн цагаар өөрийгөө нөхөн төлжүүлж (cell repair) байдаг бөгөөд нойрны чанар муудсанаар энэ үйл явц удааширч, нүдний доор туяарах, хавагнах шинж тэмдгүүд илэрдэг.
________________________________________
Хэрхэн хамгаалах вэ? (Зөвлөмж)
Цэнхэр гэрлийн сөрөг нөлөөнөөс өөрийгөө хамгаалах энгийн бөгөөд үр дүнтэй аргууд:
• Технологийн тохиргоо ашиглах: Утас болон компьютерынхоо тохиргооноос "Night Shift" эсвэл "Blue Light Filter"-ийг байнга идэвхжүүлж хэвшээрэй. Энэ нь дэлгэцийн гэрлийг дулаан (шар) туяатай болгож, хортой нөлөөг бууруулдаг.
• Антиоксиданттай арьс арчилгаа: С витамин, Е витамин, ниацинамид агуулсан серум, тоснууд нь чөлөөт радикалуудтай тэмцэж, арьсыг хамгаалахад тусална.
• Тусгай нарны тос: Гэртээ эсвэл оффист байхдаа ч Iron Oxide (Төмрийн исэл) агуулсан эсвэл "Blue light protection" шошготой нарны тос түрхэх нь хамгийн найдвартай хамгаалалт болдог.
• Дэлгэцээс зай барих: Утсаа нүүрэндээ хэт ойр барихгүй байх, мөн 20 минут тутамд нүдээ амрааж байхыг зөвлөж байна.





