Өнөөдрийн байдлаар автобензиний 15 хоногийн нөөцтэй байна

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Дэд сайд Б.Энхтүвшин цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Өнгөрсөн оны сүүлээр автобензин, дизель түлшний тасалдсантай холбоотойгоор ард иргэд бухимдалтай байлаа. Одоо хангамж, нийлүүлэлт хэвийн болсон. Өнгөрсөн жил сард 75-83 мянган тонн АИ-92 бензинийг захиалж авч байсан бол энэ он гарсаар 136 мянган тонн АИ-92, 95 бензинийг ОХУ болон БНХАУ-аас авахаар гэрээгээ баталгаажуулсан. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 8-ны байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Цагааннуур, Боршоо, Замын-Үүд боомтоор 35.3 мянган тонн АИ-92, 39.8 мянган тонн энгийн болон евро 5 дизелийн түлш буюу нийт 75.6 мянган тонн автобензин, дизелийн түлш орж ирсэн байна" гэв.

Ингэснээр нөөц нэмэгдэж, өнөөдрийн байдлаар ердийн хэрэглээний 15 хоногийн нөөцтэй болжээ. Харин дизель түлшний хувьд 20 хоногийн нөөцтэй байгаа гэсэн мэдээллийг өглөө.