Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 9-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Мөн Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна. Ийнхүү ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр малд явуулахгүй байхыг эцэг эх, асран хамгаалагчдад анхааруулж байна.
Цаг агаарын төлөв байдлыг хүргэвэл өнгөрсөн хоногт Архангай аймгийн 19 суманд 0.1 мм, Говь-Алтай аймгийн 3 суманд 2 мм, Дорноговь аймгийн 3 суманд 0.1 мм, Дундговь 3 суманд 0.2-3 см, Завхан аймгийн 7 суманд 0.3-3 см, Өвөрхангай аймгийн 10 суманд 0.4-0.9 мм, Өмнөговь аймгийн 2 суманд 0.1 мм, Ховд аймгийн 3 суманд 0.4-0.5 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хараа, Ерөө голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -10...-15 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод үүлэрхэг, ялимгүй цас орно, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, -15...-17 градус хүйтэн байна.
Төлөв байдлын хувьд 10-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, 11-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 10, 12-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар, 11-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 10-нд ихэнх нутгаар жавартай хүйтэн байх боловч 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.





