“Дакар ралли 2026” уралдаанд Монгол улсаас МУГТ Эрдэнэбилэгийн Халиунболд, ОУХМ Пүрэвдоржийн Мөрөн нар оролцож байна. Олон улсын “Дакар ралли 2026” уралдаан энэ сарын 3-нд Саудын Арабад эхэлсэн. Нийт 318 экипаж (Үүнээс 117 нь мотоцикл) 17-ны өдөр хүртэл нийт 8000 км зам туулна. Энэ жил Саудын Арабын баруун, төв хэсгийн чулуу, хад асгатай маршрут сонгосон нь онцлог байна. Эхний хоёр гарааны дараа Австралийн Даньел Сандерс мотоциклийн төрөлд тэргүүлж байна. Өнгөрсөн жилийн аварга, өдгөө 31 настай австрали эр 07:42:24 цагийн амжилтаар бүх тамирчдыг манлайлж байгаа бол манай тамирчин Э.Халиунболд 08:50:22 цагаар 28, П.Мөрөн 09:55:00 цагаар 45-д жагсаж байсан юм.
Тэд гуравдугаар гараандаа Саудын Арабын Аль-Ула хотод нийт 414 км зам туулжээ. Улмаар МУГТ Э.Халиунболд “Дакар Ралли-2026” уралдааны гуравдугаар гарааны дараах байдлаар эхний “Топ 5”-д бичигдлээ. Энэ нь “Дакар Ралли” уралдааны түүхэн амжилт бөгөөд эхний 5-д бичигдсэн анхны Монгол тамирчин, Ази хүн боллоо.






