• Нүүр
  • Мэдээний өрөө
  • МАН-ын даргаар Н.Учралыг нийт төлөөлөгчийн 94.5 хувийн саналаар сонголоо

МАН-ын даргаар Н.Учралыг нийт төлөөлөгчийн 94.5 хувийн саналаар сонголоо

 

МАН-ын 31 дэх удаагийн Их Хурлаар МАН-ын даргад Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нарын дунд өрсөлдөөн өрнөсөн. Тэд тус тусын мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүдийн асуултад хариулсны дараа нууц санал хураалт нэг цаг гаруй үргэлжилж дуусч, саналыг тоолж, нэгтгэх ажил хоёр цаг орчим явагдлаа.

      Нийтдээ 2248 төлөөлөгчөөс 2000 гаруй хүн санал хураалтад оролцсоноос 94.5 хувийн саналаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргаар сонголоо.

     МАН-ын даргад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулах үеэр Н.Учрал: “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ. Авлига, ашиг сонирхлын гэмт хэргүүд намын нэр хүндийг унагааж, ард түмний итгэлийг хөсөрдүүлж, сэтгэлийг цөхрүүлж Ардын нам ард түмний дэмжлэгээс алсарч байна. Монгол Ардын намын оршин тогтнохуйн, эх орон, ард түмэндээ зүтгэхүйн баталгаа нь ард түмний итгэл найдвар. Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй. Энэ удаагийн ээлжит Их хурал бол эрх мэдлийн төлөө бус, харин алдарч буй итгэлийг эргүүлэн авах намын журмын нөхдийн ээлжит улс төрийн дээд зөвшилцөл байх болно. Шударга ёс биднээс эхлэх ёстой. Та бид энэ Их хурлаараа монгол төрийн нэр хүнд, ард түмний итгэл, ууган намын үнэт зүйлсийг сэргээх Шинэ цагийг эхлүүлэх учиртай. Та бүхэн надад бүтэн итгэж, бүрэн хариуцлага үүрүүлбэл хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн нь байж улс эх орныхоо нэгдмэл үнэт зүйл, нийтлэг эрх ашгийн төлөө цуцалтгүй зүтгэх болно. Эрхээ эдэлж үүргээ хүлээдэг хариуцлагатай, ёс зүйтэй гишүүдийн итгэл, дэмжлэг, үзэл санаа, үнэт зүйл дор Монгол Ардын нам ард түмэндээ дахин эргэн ирэх болно” хэмээн цохон тэмдэглэсэн.

        Тэгвэл МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Монгол Ардын нам өөрөө шударга ёсны төв байх ёстой. Намыг цэгцэлж, намын санхүүг ил болгож, намын гишүүн бүрийн итгэл үнэмшлийг бий болгож байж нийгэм, улс төр ариун болохыг би олж харсан. Тийм учраас би намд элссэн. Надад маш олон нам санал тавьсан. Гэвч бусад нам улс төрийн институцын хэлбэрт очиж чадаагүй байлаа. Үндсэн хууль дахь иргэдийн өөрөө удирдах ёсны “амилж” чадаагүй. Иргэдийн хуралд намууд орохоо болъё. Иргэдийн хурлыг иргэдэд нь өгье” хэмээсэн.

11 цаг үргэлжилсэн МАН-ын 31 дэх удаагийн Их Хурал ийнхүү намын даргаа сонголоо. Тэд маргааш үргэлжлэх хурлаараа МАН-ын Хяналтын хороо болон Бага Хурлын гишүүдээ шинээр сонгоно.