Хакухо М.Даваажаргал Яармагт улсын сургууль бариулах газраа бэлэглэлээ
Японы мэргэжлийн сумогийн дэвжээнд бүх цаг үеийн дээд амжилт тогтоосон, 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал Монголын боловсролын салбарт томоохон хувь нэмэр оруулах алхам хийжээ. Тэрбээр нийслэлийн Хан-Уул дүүргийн 23-р хороонд байрлах өөрийн өмчлөлийн газраа улсын сургууль бариулах зорилгоор төрд үнэ төлбөргүй хандивласан байна.
Хан-Уул дүүргийн “Гүмуда Гарден” хотхоны урд байрлах уг газрыг төрийн мэдэлд шилжүүлснээр Яармаг орчмын хүүхдүүдэд зориулсан шинэ улсын сургуулийн барилга удахгүй баригдахаар төлөвлөгдөж байгаа аж. Энэ нь тус бүсэд хүн ам эрчимтэй нэмэгдэж, сургууль цэцэрлэгийн хүртээмж дутагдалтай байгаа асуудлыг шийдвэрлэхэд томоохон дэмжлэг болох юм.
Монголд болон Японд нэр хүндтэй тэрээ сүүлийн жилүүдэд олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, боловсрол, спортын хөгжилд хувь нэмэр оруулах санаачилга дэвшүүлсээр байгаа билээ. Энэ удаагийн хандив нь түүний эх орныхоо хүүхдүүдэд зориулсан хамгийн бодит дэмжлэгүүдийн нэг болж байна.





