Улаанбаатар хотын такси үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр ₮77 тэрбумаар цахилгаан хөдөлгүүртэй 2000 автомашин авах тухай тогтоолын төслийг НИТХ хэлэлцэж 61,5 хувь нь дэмжлээ. Тус тогтоолын төслөөр цахилгаан хөдөлгүүртэй /PHEV/ 2000 автомашиныг 5 жилийн хугацаанд авч, нэгдсэн удирдлагын системд холбож үйлчилгээнд явуулна. Тухалбал эхний жилд 1,000, гурав, тав дахь жилд тус бүр 500 такси авна. Эдгээрийг авахдаа анхны хөрөнгө оруулалт 77 тэрбум төгрөгийн 74 хувь болох 57 тэрбум төгрөгийг хувийн хэвшил /16,5 хувийн хүүтэй бизнесийн зээлээр/, үлдсэн 26 хувийг Нийслэлийн Нийтийн Тээврийг Хөгжүүлэх сангаас хүүгүй, 6 жилийн хугацаанд эргэн төлөхөөр тооцоолжээ.
Нөгөө талд НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж “Такси үйлчилгээг хувийн хэвшил хийчихнэ. Нийслэл ₮77 тэрбум зарцуулж, такси явуулж хувийн хэвшилтэй өрсөлдөх хэрэг байна уу. Журмаар таксины стандартыг л тогтоогоод өгөөч ээ. Нийслэлээс 2000 такси явуулахын тулд ₮77 тэрбум төсвөөс гаргаж яах гээд байгаа юм бэ?” хэмээн шүүмжиллээ.
Харин НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан “Такси үйлчилгээнд 200 машин явдаг. 5000 такси явж байж хүрэлцэнэ. Бид хувийн хэвшилтэй өрсөлдөх биш дэмжихийн тулд нийслэл 2000 такси явуулна” гэсэн бол НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн “Стандарт такси үйлчилгээтэй байж хот шиг хот болно. Бид мөс зүсч байгаа” хэмээв.
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-иас “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь” төслийг санаачлан хэрэгжүүлж буй бөгөөд төслийн зорилго нь такси үйлчилгээг баазын системээр хөгжүүлж, албан ёсны такси үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх, иргэдийн зорчих эрэлтийг хангана гэж тайлбарлав.





